Уул уурхай 2019: ТОМ ТӨСЛҮҮД-ээс бид ЮУ ХҮЛЭЭХ вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

Монголын эдийн засгийн 70-аас дээш хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбар хөдөлгөөн ихтэй байх нь. “Эрдэнэс-Тавантолгой” компани олон улсын зах зээлд гарах эсэхээ эцэслэж, Оюутолгойд цахилгаан станц барих асуудал эцэслэгдэж, “Elixir Petroleum” компани Монголын ирээдүй ч байж болох метан хийн хайгуулаа эхлүүлж, Зэсийн баяжмалын үйлдвэр, уран олборлох туршилтын үйлдвэр ч гараанаас гарна. Энэ онд уул уурхайн салбарт хүлээгдэж буй томоохон үйл явдлуудыг тоймлоё.


ЭТТ: ИХ ЗҮЙЛ ШИЙДЭХ ТУЗ-ИЙН ХУРАЛ


Дэлхийн зах зээлд гарч, хувьцааны өгөөжөө иргэдэд тараах хүлээлттэй “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ ирэх хоёрдугаар сард хуралдана. Уг хуралдаанаар аль Хөрөнгийн бирж дээр хувьцааг арилжаалах вэ, IPO гаргах боломж, нөхцөл зэрэг чухал асуудлыг хэлэлцэнэ. Мөн дотоодын хөрөнгийн бирж дээр гарах боломж нөхцлийн талаар ч хэлэлцэх аж.


Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоол, Засгийн газрын 224, 245 дугаар тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, IPO хийх шийдвэр гарсан юм. Одоогоор Монгол Улсын хөрөнгийн бирж, олон улсын зах зээлд гаргахтай холбоотой асуудал хэлэлцээрийн шатандаа явж байгаа билээ.


ОЮУ ТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ ИРЭХ ГУРАВДУГААР САРД ГАРААНААС ГАРНА


Олон жил гацаж, Рио Тинто болон Засгийн газрын хооронд хэрүүлийн алим байсаар ирсэн Оюутолгойн цахилгаан станцыг барих зарчмыг ирэх гуравдугаар сард эцэслэнэ. Цахилгаан станцыг “Оюу Толгой” компани хариуцаж, дорж хаяж 51 хувийг эзэмших юм. Оюутолгой төслийн санхүүжилтийн хүрээнд гуравдагч талын хөрөнгөөр санхүүжилт татахаар төлөвлөж байгаа аж.Оны өмнөхөн Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хангах 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд гарын үсэг зурах ёслол болж төсөл хэрэгжсэнээс хойш гацсан эрчим хүчний гацаа шийдэх үндсийг тавьсан юм. Тавантолгойн ордод тулгуурлан цахилгааны асуудлаа шийдвэрлэх билээ. Өнгөрсөн аравдугаар сард Австралид болсон “IMARC” олон улсын уул уурхайн форумд оролцох үеэрээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Рио Тинто компанид тавьсан юм.


“Хөрөнгө оруулагчидтай санхүүжилтийн гэрээ байгуулна. Үүний эхлэл болгож ирэх оноос эхлэн Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн системээс эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг хангахаар болж байгаа юм” гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ярьсан юм.

 

Оюутолгой компани БНХАУ-аас 100 гаруй Мвт-ын эрчим хүчийг импортолдог бөгөөд мөнгөн дүнгээр хэмжвэл 160-170 гаруй сая ам.долларыг зарцуулдаг аж. Энэ нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээний 20 хувьтай тэнцэх үзүүлэлт юм. Монгол Улс 2023 оны зургаадугаар сард Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг хангах нөхцөл бүрдвэл 200 гаруй сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэх ажээ. 


МЕТАН ХИЙН ХАЙГУУЛ ЭХЭЛНЭ


Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir petroleum” компани энэ онд Номгон IX хайгуулын талбайн судалгаагаа эхлүүлж, нэмэлт хөрөнгө оруулалт татна гэдгээ зарлалаа. “Номгон IX” хайгуулын талбай нь Тавантолгойн бүлэг ордын дулааны нүүрсний талбайг хамрах бөгөөд 14 сая тонн нүүрсний нөөцтэй юм.


Өнгөрсөн оны есдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан билээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаар эхний ээлжид хайгуулын ажил хоёр үе шаттай хэрэгжиж, хайгуулын дүн гарсны дараа ашиглалтын лицензийг хэрхэн олгох,ашгаа хэрхэн тохирохоор шийдвэрлэх юм.


БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ШИНЭ ГАРАА


Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн арванхоёрдугаар сард хуралдаж Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших 446 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан юм. Энэ шийдвэрийн дагуу энэ онд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барихаар болоод байна. Энэ үйлдвэрт жилдээ 257 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэж 1.9-2 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцоолж буй.


Тусгай хэрэгцээнд авах шийдвэр оны өмнөхөн гарсан ч 2017 оны гуравдугаар сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас зэсийн баяжмал боловсруулах шийдвэр гарч байсан юм. Тухайн үед зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмшихийг зөвшөөрч байсан юм.


Үүнээс гадна Монголдоо томд тооцогдох гангийн үйлдвэр ашиглалтад орно. “Эрдэнэс Монгол" компани, "Бэрэн" групптэй хувь нийлүүлсэн “Эрдэнэс Стийл” компанийн гангийн үйлдвэрээ энэ жил ашиглалтад оруулна. Оны өмнөхөн гангийн үйлдвэрийн барилгын ажил нь 70 хувьтай явж байгааг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүү ярьж байсан юм.


Үйлдвэрийн нийт өртөг 320 сая ам.доллароор хэмжигдэж буй бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкаар дамжуулан шийджээ. Үйлдвэрийн хувьд жилдээ 300 мянган ган төмөр боловсруулах хүчин чадалтай юм байна.


"Эрдэнэс-Монгол" компани энэ жил гангийн үйлдвэр, уран боловсруулах туршилтын үйлдвэрүүдээ ашиглалтад оруулна. Түүнчлэн хоёр жилийн өмнө Засгийн газраас гаргасан Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил ч энэ онд эхлэх хүлээлттэй байна.

 

Тус компани гангийн үйлдвэрээс гадна уран боловсруулах туршилтын үйлдвэрээ нээхэд бэлэн болжээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Мон Атом” компани, “Орано” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компанийн уран олборлох туршилтын үйлдвэр бэлэн болжээ. Уг компани Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших “Зөөвч-Овоо”, “Дулаан-Уул” ордуудын төслийг хариуцаж байгаа юм.


* * *  

 

Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-н хурал дэлхийн зах зээлд гарах асуудлыг эцэслэж, Оюутолгойн цахилгаан станцыг хөрөнгө оруулагчид, Засгийн газар эцсийн байдлаар шийдвэрлэн, уран боловсруулах болон гангийн үйлдвэр гараанаас гарч, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ.Магадгүй Монгол мөрөөдлийн нэг байж болох метан хийн хайгуулын ажлыг хөрөнгө оруулагч “Elixir Petroleum” компани эхлүүлэх болж байна. Шинэ хүлээлт, шинэ хүсэл тэмүүлэл шинэ онд уул уурхайн салбарт дүүрэн байна. Гэхдээ боловсруулах үйлдвэрийн томоохон төслүүдийг яриа, хэлцэл биш ажил хэрэг болгох нь чухал. Монгол Улс өнгөрсөн жил түүхэндээ байгаагүй их хэмжээний буюу 22 тонн алт бүрдүүлсэн нь алтны рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь байсантай холбоотой. Ашигт малтмалын тухай хуульд тусгасан энэ заалд энэ нэгдүгээр сарын 01-нээс дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон учраас өмнөхөөрөө авахаас өөр аргагүй болоод буй. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2.5 хувийн АМНАТ-ыг таван жилээр сунгахаар тусгасан ч улс төрийн гацааны улмаас дээрх заалт батлагдаж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг энэ жилдээ багтаан хэлэлцэхээс өөр аргагүй байгааг сануулах нь зүй.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.65.120) 2019 оны 01 сарын 09

Идэж уудаг нөхдүүд байгаа цагт ямар ч баяжуулах хайлуулах үйлдвэр бариад бид ядуугаараа амьдрах болно. 2том төсөл явахад бид сайхан амьдарна.Зөв явж чадвал.

0  |  0
СЭРГЭЛЭН(202.126.89.73) 2019 оны 01 сарын 09

IPO - - g анх Монголд Мо Эн Ко гаргасан юм 2009 онд байх Гонгконг- н хөрөнгийн бирж дээр , тэднээс зөвлөлгөө ав

0  |  0
Bold(64.119.22.125) 2019 оны 01 сарын 08

Buh ym bodlogo barij bui tor zasgaas hamaarana

0  |  0
Бат(202.9.43.234) 2019 оны 01 сарын 08

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо

1  |  0
Top