Яамдуудын 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын ТАЙЛАН

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.01.08/ хуралдаанаар 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Эрүүл мэндийн сайдуудын мэдээллийг сонслоо.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 36 тэрбум 723.3 сая төгрөгийн төсөвт өртөгтэй /шилжих хөрөнгө оруулалт бүхий/ барилга, тоног төхөөрөмж, их засвар, хөрөнгө оруулалтын 97 төсөл арга хэмжээ хэрэгжихээр УИХ-аас баталсан. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2018 онд 17 тэрбум 340 сая төгрөг зарцуулахаар төлөвлөгдсөн хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан юм.


Үүнд: Их засварт нийт 34 арга хэмжээнд 2 тэрбум төгрөг, тоног төхөөрөмж нийт 35 арга хэмжээнд 1 тэрбум 830 сая төгрөг, нийгмийн даатгалын байгууллагуудын барилгын их засвар нийт 13 арга хэмжээнд 1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалт нийт 24 арга хэмжээнд 12 тэрбум 510 сая төгрөг зарцуулахаар батлагдсан байна.


Эдгээр арга хэмжээнээс нийслэл, дүүргийн Засаг даргад нийт 2 тэрбум 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 4 төсөл, арга хэмжээ, аймгийн Засаг дарга нарт нийт 5 тэрбум 67 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 23 төсөл, арга хэмжээ, салбарын харьяа газар, агентлаг, төсвийн төвлөрүүлэн захирагчдад нийт 2 тэрбум 676 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 43 төсөл, арга хэмжээг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нийт 30 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 1 төсөл, арга хэмжээг тус тус эрх шилжүүлэн хэрэгжүүлсэн гэлээ.


Мөн яамны хэмжээнд 20 тэрбум 150.3 сая төгрөгийн /2018 онд санхүүжих 7 тэрбум 167.0 сая төгрөг/ 26 төсөл, арга хэмжээний худалдан авалтыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж хэрэгжилтийг ханган ажиллажээ.


2018.12.31-ны байдлаар хөрөнгө оруулалтын нийт санхүүжилт 97.2 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.


Өнгөрсөн онд салбарын хэмжээнд газрын асуудал шийдэгдээгүй, зураг төсөвгүй батлагдсан 16 төсөл, арга хэмжээг салбарт хэрэгжсэн нэг маягийн загвар зургаас холболтын зураг төсөв хийлгэж, холбогдох техникийн бичиг баримт, газрын зөвшөөрөл, дэд бүтэцийн холболтын зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаар гаргуулан тендер шалгаруулалтыг зохион байгуулж төлөвлөгөөт хугацаанд нь багтаан хэрэгжүүлж ажилласан гэж сайд С.Чинзориг мэдээлсэн юм.


Харин 2018 онд боловсролын салбарт 265, соёлын салбарт 50, спортын салбарт 10 төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн хэмээн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэв.


Нийт 73 сургуулийн барилгад 73 тэрбум, 105 цэцэрлэгийн барилгад 72.5 тэрбум, 18 спорт заалын барилгад 11.1 тэрбум, 19 дотуур байрын барилгад 12.4 тэрбум, их, дээд гурван сургуулийн барилгад 8 тэрбум, 29 барилгын их засварт 16.9 тэрбум, тоног төхөөрөмж болоод бусад 14 арга хэмжээний хөрөнгө оруулалтад 14.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.


Салбарын сайдын мэдээлснээр 2018 онд боловсролын салбарын 53 барилга ашиглалтад орсон бөгөөд үүний 27 нь цэцэрлэг, 12 нь сургууль, долоо нь спорт заал, долоо нь дотуур байр аж. Ирэх онд 278 барилга ашиглалтад орно гэж Ц.Цогзолмаа сайд мэдээлэлдээ дурдсан.


Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд Эрүүл мэндийн сайдын багцад нийт 193.3 тэрбум төгрөгийн 63 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсанаас 60.7 тэрбум төгрөг тусгагдсан хэмээн Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэв.


Он дамжин хэрэгжихээр 2018 онд 105.7 тэрбум төгрөгийн 13 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр батлагдсанаас 2018 онд 22.1 тэрбум төгрөг тусгагдсан гэлээ.


Үүнд он дамжин хэрэгжүүлэхээр 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 10 барилга, 12 тэрбум төгрөгийн өртөгтэй гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй гурван төсөл буйг дэд сайд дурдсан.


Шинээр 2018 онд хэрэгжүүлэхээр 87.6 тэрбум төгрөгийн 50 төсөл, арга хэмжээ батлагдсанаас 2018 онд 38.6 тэрбум төгрөг тусгагдсан бөгөөд эдгээр нь 23.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 29 шинэ барилга, 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 их засвар, 10.092 тэрбум төгрөгийн өртөгтэй 11 тоног төхөөрөмжийн төсөл арга хэмжээ юм байна. 2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүжих 60.7 тэрбум төгрөгөөс 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон гэсэн мэдээллийг дэд сайд өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top