Монгол Улсын хөгжилд мөнхийн хоёр хөрш орон ихээхэн хувь нэмэр, үүрэг гүйцэтгэсэн байдаг. Ялангуяа манай урд хөрш болох БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар сүндэрлэсэн байшин, барилга олон бий. Үүнийг гэрчлэх гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр /2018.01.08/ Гадаад харилцааны яамны их танхимд үүдээ нээлээ. Хятад судлаач Х.Баатархүүгийн бүтээлээр Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэнд 500 гаруй зургийг дэлгэн тавьжээ.
Албаны хүмүүсийн ярьснаар өнөөдрийн байдлаар манай улсад Хятад барилгачдын барьсан 850 орчим барилга, байгууламж байдаг аж. Тухайлбал, та бидний сайн мэдэх Монголын үйлдвэрчний эвлэл, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн IV байр, Сэлбийн дунд гүүр, Арслантай гүүр, Баянзүрхийн гүүр, "Ард" кино театр, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүүхдийн урлан бүтээх төв, Спортын төв ордон зэрэг олон арван барилга, байгууламжийг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар тэдний ажилчдын оролцоотойгоор барьж, ашиглалтад оруулж байжээ.
Энэ онд Монгол Улс болон БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд олон ажлыг хийж, хийхээр төлөвлөөд байгаа. Үүний нэг нь Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан "Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн юм.
Түүнчлэн хятад судлаач Х.Баатархүүгийн номын нээлтийн ёслол энэ өдөр болсон. Энэхүү зургийн үзэсгэлэн, номын нээлтэд судлаач, орчуулагч Х.Баатархүүгээс гадна Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад албаныхан оролцлоо.
Хятад судлаач Х.Баатархүү нь энэхүү гэрэл зургийн цомогтоо БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр 1955-1965 онд Монгол Улсад өрнөсөн их бүтээн байгуулалт болон хятад барилгачдын барьж, байгуулсан барилга, байгууламжийн судалгаагаа багтаажээ. Тэрбээр хагас жилийн хугацаанд нийслэл, орон нутгийн архиваар явж, холбогдох материалыг судалж, боловсруулж хятад барилгачдын барьсан 850 орчим барилга байгууламж байгааг тогтоосон гэж байв. Улмаар энэхүү гэрэл зургийн үзэсгэлэндээ 369 нэгж байгууллагын 520 ширхэг өнгөт болон хуучны хар, цагаан зургийг багтаан сонирхуулсан байв.
Харин шинэ номондоо бүх аймгийн товч танилцуулга, тэр тундаа тухайн үеийн хятад барилгачдын барьсан барилга бүрийг зургаан анилж, дэд бүтэг үүсгэн оруулжээ. Ингэхдээ хятад судлаач, ахмад барилгачид болон ахмад сэтгүүлчдээс зөвлөгөө авсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
НЭХМЭЛИЙН ШАР ГЭГДЭХ БАЙРУУДЫГ ХЯТАДЫН ТУСЛАМЖААР БАРЬСАН ГЭЖ ДУУЛСАН. ОДОО АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСЧ ХУУЧИРЧ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН ӨНӨӨ ЦАГТ ЭНЭ БАЙРУУДАА СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ШИНЭЭР БАРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА
НЭХМЭЛИЙН ШАР ГЭГДЭХ БАЙРУУДЫГ ХЯТАДЫН ТУСЛАМЖААР БАРЬСАН ГЭЖ ДУУЛСАН. ОДОО АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ДУУСЧ ХУУЧИРЧ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛСОН ӨНӨӨ ЦАГТ ЭНЭ БАЙРУУДАА СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ ШИНЭЭР БАРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА