Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.01.08/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд энэ онд тохиож буй Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийг тохиолдуулан хэрэгжүүлэх 70 төслийн талаар санал солилцов.
Мөн Тяньжин хотын 10 бодит ажил санаачилгын хүрээнд нягт хамтран ажиллаж байгаа нь үр дүнтэй байгаа, Ганц модны боомтоор дамжин өнгөрөх автомашины тоо хэвийн болж 1000 болсон зэрэг үр дүн гарч байгааг талууд сайшаав. 2020 онд худалдааны эргэлтийг 10 тэрбум долларт хүргэхээр зорьж байна гэв.
Тяньжин хотоор үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгж, компаниуд гааль, хорио цээрийн болон холбогдох бусад бүрдүүлэлтийг Улаанбаата рхотод хийдэг болох талаар судалж хамтран ажиллахаар төлөвлөж буй юм. Энэ нь цаашлаад Улаанбаатар хотод орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амыг ханган, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх судалгааг холбогдох байгууллагууд хийж Улаанбаатар хот орчимд хүлэмжийн цогцолбор байгуулах ажлыг судалж, төлөвлөж буйг ч онцолсон юм.
Уулзалтын үеэр талууд хэрэгжиж буй томоохон төсөл болох Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг товлосон хугацаандаа хэрэгжүүлж дуусгах, тодорхой асуудлууд дээр хуулийн хүрээнд хамтарч ажиллах талаар санал нэгдэв.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хүмүүнлэгийн солилцооны механизмын 2 дугаар уулзалт удахгүй БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох аж.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 1 )
mongol ylsad yamar xeregtei yum be yag xeregtei yumandaa l yavax xeregtei