Зах зээлийн харилцаанд шилжсэн сүүлийн 20 жилд эрүүгийн гэмт хэргийн тоо байнга өссөөр иржээ. Гэхдээ бизнесийн их гаруудаас Хадгаламж зээлийн хоршоодын эздийг эс тооцвол тун цөөн хүн эрүүгийн хэргээр ял зэм сонссон байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн цагдаагийнхан болон авлигатай тэмцэх газрынхан эрүүгийн эргэн тойронд эргэлдэх жараахайнуудыг л түүж аваад байжээ. Дуучин Ариунаагийн нөхөр “Ноёд” группын Г.Буяндоржийн нэр хаягтай хавтаст хэрэг хаашааг бүү мэд ор сурагггүй болсон байна. Түүний гол хохирогч нь “Цэнг трейд” ХХК байлаа. Энэ компани сансарт байрлаж байв, 200 гаруй ажиллагсадтай, худалдаа үйлчилгээний уг компаниас Г.Буяндорж удаа дараалан их хэмжээний мөнгө зээлдэж Дархан-Уул аймаг дахь архи, спиртын үйлдвэрээ өргөтгөх, бизнесийн өөр бусад үйл ажиллагаандаа зориулж байжээ. Монголдоо нэр хүндтэй дуучны эр нөхөр тул өр төлбөрөө гэрээ ёсоор төлнө гэж Цэнг трейдийнхэн найдсаар байж. Гэвч өгдөггүй. Сүүлдээ цөхрөнгөө барж, зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөн дунд тус компани арга буюу үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Санхүүгийн зузаатгал хийх мөнгө хөрөнгөгүй болсон тэд өөр яах билээ. Уналтанд орсон Цэнг трейд компанийхан Г.Буяндоржийн талаар ЦЕГ, АТГ-т олон удаа өргөдөл гомдлоо гаргаж хөөцөлдсөн боловч одоо болтол таг чиг байна. Тэдний гаргасан өргөдөл, тайлбар бичгүүдэд Г.Буяндоржийн өөрийн биеэр хийсэн зээлийн гэрээнүүд цөм хавсрагджээ. Тэдгээрийн нэгэнд, “Манай компаниас зээл авахын өмнө Г.Буяндорж нь Сэлэнгэ аймагт “Ноёд” нэртэй ганцхан архины үйлдвэртэй байлаа. Манайхаас зээл авснаас хойш 10 гаруй охин компанитай “Ноёд групп” болж бизнес нь улам өргөжсөн юм” гэжээ. 2002 оноос эхлэн Г.Буяндорж “Цэнг трейд”-ээс тийнхүү зээл авсаар нийт өр нь 4 тэрбум гаруй төгрөг болсон байна. Зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө, зарим охин компаний гэрчилгээ, бичиг баримтууд нь Г.Буяндоржийн “Ноёд групптэй огт хамаагүй, өөр хүнийх байсныг “Цэнг трейд”-ийнхэн хожим мэдээд халаглаж байлаа. Нэрт дуучны гэр бүлийн хүн гэдгээрээ түрүү барьж, “Цэнг трейд” компаний удирдлагыг ийнхүү унаж тустал хууран мэхэлсэн байв. Хуурамч эд хөрөнгөөр зээл авлаа гэж хэл ам хийх гэхээр Г.Буяндорж “Би бизнесийнхээ нэр хүндийг унагамааргүй байна. Надад итгэл үзүүлээч” гэж үхэж хатан гуйж гувшсаар өнгөрөөдөг байсан гэнэ. Т.Ариунаагийх нь төрсөн дүү Т.Бат-Орших ч мөн “Ноёд”-ын охин компани “Жанна Д Арк”-ын захирал бөгөөд хүргэн ахдаа “Цэнг трейд”-ээс хоёр удаа нийтдээ 200 гаруй сая төгрөг зээлээр авч гол гаргахад барьцаа хөрөнгийн баталгаа гарган өгчээ. Г.Буяндоржийг сүүлдээ өр зээлээ төлөхгүй улаан цагаандаа гарахаар нь арга буюу хууль хяналтын байгууллагад хандан өдий хүрчээ. Шүүх цагдаагаар явлаа гэж Г.Буяндорж улам өширхөж, “Цэнг трейд”-ийн захирал Эрдэнэбатыг байнга заналхийлэн дарамталдаг байсан байна. Үүнийг нь хуулийн байгууллагынхан сүүлдээ тоохоо больсон бололтой. Цаад Буяндорж нь аягүй бол цагдаа нарт бага сага юм атгуулчихдаг байлгүй дээ. Гэвч алдсан хүн арван тамтай гэгчээр Эрдэнэбат захирал “Архины үйлдвэр, Ариунаа хоёргүйгээр энэ муу Буяндорж гэдэг хүн чухамдаа хэн ч биш, амьтан байх байсан юм” хэмээн хөмхийгөө тас зууж тэвчээр гарган хуулийн байгууллагын үүд сахисаар байгаа ажээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )