Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаагийн хэргийг давж заалдах шатны шүүхээр авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэр шүүхийн шийдвэр ёсоор 2,4 жил жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ. Дээд шүүхэд давж заалдах эрх нь нээлттэй хэдий ч нэмэргүй болов уу. Түүнийг өрөвдсөн зарим нь хохирогчгүй хэрэгт ял оноочихлоо ч гэх шиг янз бүрийн үнэлэмж, дүгнэлттэй байх шиг байна. Хүнийг хохироосноор нь уг хэргийг шүүхгүй болов уу. Гагцхүү хуулиа хэрхэн зөрчиж, албан тушаалаа урвуулан ашиглаа вэ гэдэгт хэргийн мөн чанар байгаа байх. Хэрвээ хохирогч хайгаад байгаа бол түүний урьд нь зарлаад байсан 21 авлигачийн хэргийг яагаад зохих ёсоор мөрдөн шалгаж шийдээгүй вэ гэх мэт олон асуудал яригдана. Ч.Сангарагчаагийн албан тушаалтнаа тагнаж чагнасан нь нэгэнт нотлогдсон. Ямар зорилгоор гэдэг нь ч ойлгомжтой биз. Магадгүй тэрхүү 21 авлигачийг мөрдөн шалгах ажилтай холбогдуулан чагнасан байж болох юм. Энэ өнцгөөс харвал тэр авлигын хэргийг нуун дарагдуулах сэдэл агуулсан байж болно. Тийм бол иргэдийнхээ өмнө тэр том гарц хохирол учруулж буй хэрэг. Ямартай ч одоо түүний оронд суух хүний тухай яригдаж эхэллээ. УИХ үүнд төдийлөн анхаарахгүй байна. Ч.Сангарагчаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс УИХ-ын ихэнх гишүүд татгалзаж байлаа. Энэ ч бас цаанаа их учир агуулаад байгаа. УИХ-ын зарим гишүүд авлигын хэргийн улмаас Ч.Сангарагчаагийн шантаажинд ороогүй л бол эрүүгийн хэрэг үүссэн даруйд нь бүрэн эрхийг түдгэлзүүлж болох байсан. Гэвч тэгээгүйг бодохоор ингэж үзэхээс аргагүй. Түүний оронд ямар хүн томилогдох нь одоогоор бүр ч нууц байгаа. Ер нь манай цагдаа, тагнуулын байгууллагад олон жил ажилласан нөхдүүдийн дотор энэ чухал суудалд ёс зүйн хувьд ч, мэргэжил ур чадварын талаар ч тэнцэх хүн тун ховор бололтой. Учир нь авлигатай тэмцэх ажил бол онцгой алба юм. Хамгийн ноён нуруутай, урьд нь аль нэг намд харъяалагдаж байгаагүй, ашиг сонирхлын асуудалгүй, авлига гэгч ийм хүнд хэрэг дээр хэний ч хараат бусаар тууштай ажиллах туршлагатай хүн бараг байхгүй ажээ. Гэхдээ олны дундаас ганц гайгүй хүн олдож л таарах байх. Олоод нээж гаргаж ирэх нь төрийн албаны менежментийг хийж чаддаг сийрэгхэн толгойтой хүний сонголт болов уу. Үүнийг нь Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрч, УИХ батламжлах учиртай. Харамсалтай нь үүнд эрх баригч МАН урьдын адил оролцоно. Намын нэрийн өмнөөс томилолт өвөртөлж байгаагаас ялгаагүй юм болно. Ийм гажиг хуультай байгаа болохоор авлигатай тэмцэх газар өөдлөхгүй байна. Түүнээс гадна эрүүгийн цагдаад ажиллаж байгаа нөхдүүдээс шударга, элдэв асуудалд өртөхгүй, цэвэр явсан хүн олно гэвэл тун хэцүү. Ер нь эндээс сонголт хийгээд нэмэргүй. Тэдний ихэнх нь авлигаар угжуулаад сууж байгаа гэсэн. Өнөөдөр гадуур яригдаад байгаа Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг хуучин Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан “боевик” Б.Билэгт бол жинхэнэ үл бүтэх амьтан. Гайхалтай нь түүнийг Сангарагчаагийн оронд тавина гэж шуугиж байна. Түүний хэн болохыг монголчуудын ихэнх нь мэддэг байлгүй. Сав л хийвэл зодолдож явдаг, зөвхөн өөрийн үзэмжээр ажил хийдэг, шуналын тулам болсон нөхөр гэдэг тодорхойлолтой хүн юм. Яахав, ийм заваан эрээр далимдуулан Ц.Элбэгдорж руу чулуу няслагчид “Цаадах чинь “боевик” Билэгтийгээ дарга болгох нь ээ” гэсэн бор шувуу нисгэн хортоолж байгаа байлгүй дээ. Хэрэв үнэхээр түүнийг томилбол Ц.Элбэгдорж том алдана. Алдахаар барахгүй монголчуудад бөөн гай тарина. Авлига улам гаарч дийлдэхээ болино.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )