Трамп Ардчилсан намтай тохиролцож чадсангүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намын удирдлагуудтай хийсэн уулзалтаа хаяж гарчээ. Тэрбээр Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, Сенат дахь Ардчилсан намын бүлгийн дарга Чак Шумер нар Мексиктэй залгаа хил дээр хана босгох төслийг санхүүжүүлэхээс татгалзсаны дараа уулзалтыг ийн орхиж гарсан аж.

 

Трамп энэ уулзалтын талаар “Цагийн гарз” гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.  

 

АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсолт буюу “шатдаун”-д орсноос хойш ойролцоогоор 800 мянган төрийн албан хаагч анх удаа энэ долоо хоногт цалингүй өнжих болоод байна гэж ВВС агентлаг бичжээ.

 

Дэд ерөнхийлөгч Майк Пенс "Ардчилсан намын удирдлагууд хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгааг бид дахин харлаа" гэсэн бол Ардчилсан намынхан "Хил дээр хана барьснаар хилийн асуудлыг бодитоор шийдэж чадахгүй. Трампын энэ алхам эмзэг, аюулгүй цагаачдын дунд хүмүүнлэгийн хямралыг бий болгоод байна" гэжээ.

 

Үүнээс өмнө Дональд Трамп хэрэв хилийн ханын санхүүжилтийг авч чадахгүй бол үндэсний хэмжээнд онц байдал зарлана хэмээн мэдэгдэж байсан. Ингэснээр тэрбээр Конгрессын зөвшөөрөлгүйгээр цэргийн төсвөөс шаардлагатай хөрөнгөө шийдвэрлэх боломжтой болох юм.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top