МАН: Өнөөдөртөө багтаж дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэнэ

М.Хангал | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.01.10/ хуралдлаа. Хэлэлцсэн асуудлын талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.


 

 

МАН-ын бүлгийн хуралдаанд 41 гишүүн оролцож, хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын байгууллагын саналыг хүлээж авах боломжгүй гэдэг дээр санал нэгдсэн байна.

 

Түүнчлэн 2019.01.04-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэжээ.

 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар прокурорын байгууллагаас санал ирсэн тохиолдолд 48 цагийн дотор УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэдэг хуультай. УИХ дахь МАН-ын бүлгээс нэгдсэн шийдэлд хүрсэн тул өнөөдөртөө багтаж УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийн асуудлыг УИХ-ын Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

 

Харин “Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэх үү?” гэсэн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгэнт процесс эхэлчихсэн. Одоо шууд байнгын хороод хуралдана. Өнөөдөртөө багтаад асуудлыг шийднэ. Гишүүд энэ асуудлыг шийдэхийн тулд хуралд орно. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг ч хэлэлцэнэ” гэсэн хариулт өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.107.48) 2019 оны 01 сарын 10

Тогтохсүрэн бас л нэг авилгачин зүсээ хурдан хувиргаж байна даа

0  |  0
Top