М.Батхуяг ашигт малтмалын 43 лицензийг сэргээжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Ашигт малтмалын газрын дарга М.Батхуягийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Түүнийг гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий малтмалын бүс, ойн сан бүхий газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсны дараа хууль бусаар 190 зөвшөөрөл олгосон хэрэгт буруутган шалгаж байгаа ажээ. М.Батхуягт Прокурорын байгууллагаас өнгөрсөн хоёрдугаар сарын 17-нд Эрүүгийн хэрэг үүсгэснийг харьяаллын дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд АТГ хүлээн авч шалгаж эхэлсэн. Түүний гэм буруутайг тогтоохын тулд хууль гарсны дараа ашигт малтмал олборлох зөвшөөрөл авсан гэх 190 аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй уулзаж, мэдүүлэг авах шаардлагатай байгаа учир мөрдөн байцаалт талдаа ч ороогүй хэмээн албаны хүмүүс хэлж байгаа. Тэдний хэлж байгаагаар М.Батхуяг Ашигт малтмалын газрыг тэргүүлэх болсноос хойших долоон сарын хугацаанд 43 тусгай зөвшөөрлийг сэргээжээ. Жишээлбэл, "Коммод" ХХК-ийн 7583Х тусгай зөвшөөрөл 2009 оны тавдугаар сарын 25-нд, "Хэрээжи" ХХК-ийн 134641Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 6-нд, "Азаргын гол чонот" ХХК-ийн 13926Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 11-нд, "Алтан тахь" ХХК-ийн 10153Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-нд, "Афро азиа минералз" ХХК-ийн 13844Х тусгай зөвшөөрлийг 2009 оны наймдугаар сарын 31-нд тус тус сэргээсэн байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top