Монгол улс гурван триллион төгрөгийн өртэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Сангийн яамнаас улирал тутамд зангиагүй уулзалт зохион байгуулдаг. Энэ удаа хаврын чуулганаар батлагдах төсөв болоод өнгөрсөн дөрвөн сарын төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийсэн юм. Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас зарим асуултад хариулт авлаа.

-Манай улс хэчнээн төгрөгийн өртэй байгаа вэ?

-Засгийн газар хоёр триллион, улс гурван триллион гаруй төгрөгийн өртэй байна. Уул уурхайн эдийн засагт гүйцэтгэх үүрэг тогтвортой байвал өрнөөсөө бага багаар гарах боломжтой. Айл өрхүүд нийт орлогоо тооцож юунд хэчнээн төгрөг зарцуулах, шаардлагатай мөнгөө хаанаас олох, таван жилийн дараа юу авахаа тооцож, ирээдүйд ийм болно гэж төсөөлдөг. Монгол гэдэг айл ч гурван жил тутамдаа орлого зарлага, шаардлагатай хөрөнгөө тооцож, гурван жилийн дараа ямар байх төсөөллөө гаргадаг.

-Ямар төсөөлөл гарч байна?

-2012 онд монгол хүнд 4870 ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн ногдож, уул уурхай нийт төсвийн 49 хувийг бүрдүүлж, өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлт есөн хувь болж, нэгдсэн төсөв алдагдалгүй байх төсөөлөл гаргаад байна. Улсын эдийн засаг одоогийнх шиг тогтвортой өссөөр байвал дээр дурдсан өрнөөс үе шаттайгаар гарах боломжтой. 2010 онд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа нэгдсэн төсөвт тооцоолоогүй илүү орлого орж ирвэл "Тогтворжуулалтын сан"-д хадгалж байхаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар энэ санд 40 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа. Оны эцэст 183 тэрбум болгох ёстой. Харин 2012 он гэхэд хоёр тэрбум төгрөг хуримтлуулахаар тооцсон.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top