"Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар дүүрэгт согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүнсний бөөний төв, дэлгүүр, нийтийн хоолны газруудад НМХГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн хамтарсан ажлын хэсэг аттестатчилал явууллаа. Аттестатчилалд бөөний худалдааны төв хоёр, минимаркет 46, супермаркет 13, хүнсний дэлгүүр 163, ресторан 114, баар 55, кафе 47 хамрагджээ. Шаардлага хангаагүй 104 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 33 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлж, тохижилт хийлгэх, иргэд, СӨХ-ийн удаа дараагийн гомдлын дагуу хоёр рестораны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, гурван рестораны зэрэглэлийг бууруулав.
Нийтийн хоолны чиглэлээр стандартын шаардлага хангасан газруудын дундаж төвшинг авч үзвэл ресторан 91.2, баар 89.6, кафе 89 хувьтай шалгагдаж, нийт хамрагдсан цэг салбарын дундаж 89.9 хувьтай байна. Энэ дүнг 2010 оны мөн үеийнхтэй харьцуулахад шаардлага хангасан цэг салбарын тоо 1.3 хувиар нэмэгдсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )