УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.01.14/ хурлаар Австрали, Тайланд, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Элчин сайд Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь эдгээр хүмүүсийн томилгооны асуудал жил гаруй саатаж байгаа тул Гадаад харилцааны сайдын саналаар буцааж татах асуудлыг бүлгээр хэлэлцэн дэмжсэн байна.
Мөн бүлгээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон түүнийг дагалдан өргөн барьсан УИХ-ын тухай хуулийг энэ долоо хоногтоо багтааж батлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал асуудал тодорхой болж байгаатай холбоотойгоор дараагийн УИХ-ын даргын асуудал яригдаж байгаа юу?
-Эхлээд хууль батлагдана. Дараа нь УИХ-ын гишүүд тогтоолын төсөл өргөн барьж, батална. Дараагийн УИХ-ын даргын асуудал яригдаагүй. Ер нь яригдаж байгаа асуудал нь олон хоног саатсан УИХ-ын үйл ажиллагааг яаж хурдан явуулах вэ гэдэг тухай юм. Түүнээс биш албан тушаалтай холбоотой асуудал яригдахгүй байгаа.
-Засгийн газрыг бүтэн болгох чиглэлд МАН-ын бүлэг ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Одоо УИХ гацахгүй. Энэ долоо хоногтоо Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэнэ. Дээр нь Засгийн газрын гишүүдийн асуудал болон бусад асуудлуудыг бүгдийг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөс хэлэлцэх асуудлаа тогтчихсон.
-Дараагийн сайдуудын нэрс хэзээ тодрох вэ?
-Дараагийн сайд нарын асуудлыг намын удирдах байгууллагаас бүлэг дээр оруулж ирдэг. Дараа нь бүлэг дээр хэлэлцэнэ.
-МАН-ын хагарал тохиролцоогоор намжсан гэсэн мэдээлэл байна. Албан тушаалын тохиролцоо яригдсан зүйл бий юу?
-Хоёр талаасаа ажлын хэсэг гарч, хурлыг яаж гацаагүй явуулах вэ гэдгийг л ярьсан. Түүнээс нэг ч албан тушаалын тохирооны асуудал яригдаагүй.
-Нэг намын хүмүүс ажлын хэсэг гаргаж, ойлголцох нь хэр оновчтой хувилбар вэ?
-Ойлголцлыг нэгтгэх шаардлагатай асуудлууд бий. Цаашдаа хэрхэн ойлголцох вэ гэдгээс эхлээд олон асуудал бий. Түүнээс биш ажлын хэсэг дээр албан тушаалын асуудал яригдаагүй.
Сэтгэгдэл ( 2 )
Женкө ХУРЦЫГ томилсон юм уу??? ТОмилогхгүй хориг тавьлаа гээд байсан Женкө ЖҮЖИГЛЭЖЭЭ!!!! Женко Хүзүүгүйн кармааны хүн гэдэг бас ортой догоо!!!
Хурц элчин сайдаар батлагаагүй биш билүү.Өөр Хурц юмуу