Гуравдугаар амаржих газар шинэ байртай болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Хүн ам, орон сууцны тооллогоор нийслэлийн хамгийн их хүн амтай дүүрэг болоод байгаа Баянзүрх дүүрэгт гуравдугаар амаржих газрыг шинээр барихаар шавыг нь энэ сарын 27-ны өдөр тавилаа.Тус төрөх газар нь 1966 онд 150 ортойгоор Найрамдлын районы төрөх эмнэлэг нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 1990-ээд онд төрөлт эрс буурсан тул 1998 онд татан буулгасан байна. 2000 онд 45 ортойгоор дахин ашиглалтад оруулсан ч хүчин чадал нь хүрэлцэхээ байж, өдөртөө 95-100 эх хүлээн авдаг болжээ. Иимд Засгиин газраас хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, “Энэрэл” эмнэлгийн суурин дээр шинэ төрөх барихаар болсон байна. Барилгын гүйцэтгэгчээр "Их өргөө" ХХК ажиллах агаад ирэх оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх юм. Дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Төрөх газрын шинэ байрын шав тавих үеэр Ерөнхий сайд хэлэхдээ, “Засгийн газар хүнийхээ хөгжилд анхаарч олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл бол энэ үйл явдал” гээд өнгөрсөн өвөл Кувейт улсад айлчлах явцдаа 16 хүртлэх насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх 35 сая ам.долларын өртөг бүхий эмнэлгийг эх орондоо барихаар Кувейтийн талтай яриа хэлэлцээр хийж нааштай шийдвэрлүүлэхээр болсныг хэллээ. Мөн БНСУ-д улсад айлчлах үеэрээ тус улсын эрүүл мэндийн шинжлэх ухааны ололтыг манай улсад нэвтрүүлэхээр ярилцаж, тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад Үндэсний оношилгооны төв барих болсон. Энэ талаар холбогдох хүмүүс анхаарч ажиллаж байгааг дурдаад ийм хариуцлагатай, буянтай ажлыг чанарын өндөр түвшинд хийж, хугацаанд нь хүлээлгэн өгөх, үүнд онцгой анхаарч ажиллахыг холбогдох газруудад даалгалаа. Шинэ эмнэлэг ашиглалтад орсноор жирэмсэн эхчүүдийг хүлээж авахаас гадна төрөхийн өмнөх болон дараах эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, охид эмэгтэйчүүдийн тасаг, физик, уламжлалт эмчилгээний тасаг нээж ажиллуулах хүчин чадалтай болох учир эмч ажилчдынхаа мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, давтан сургахад салбарын анхаарч ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top