Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлал энэ сарын 30-наас зургадугаар сарын 3-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, бусад удирдах хүмүүстэй уулзан, Монгол, Оросын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглалын үзэл санааны дагуу хоёр орны харилцаа, тухайлбал, худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны асуудлуудыгхэлэлцэх юм. Айлчлалын зорилго нь хоёр улсын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, стратегийн түншлэл, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулах, Оросын удирдагчидтай тогтоосон нөхөрсөг харилцаа холбоог бататгахад оршиж байгаа юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )