Хойд Солонгосын төлөөлөгчид Вашингтон орох замдаа Бээжинд саатлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга, генерал Ким Ён Чол тэргүүтэй Хойд Солонгосын төлөөлөгчид Вашингтон орох замдаа буюу өнөөдөр /2019.01.17/ Бээжин хотноо саатжээ. Ким Жон Уны “баруун гар” гэгддэг Ким Ён Чол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар хэлэлцээ хийх зорилгоор АНУ-г зорьсон билээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад бараалхан, Ким Жон Уны захиаг гардуулах гэнэ.

 

Өмнөд Солонгосын Ёнхап агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжин хотоос өнөөдөр оройдоо Вашингтон руу нисэх гэнэ.

 

Ким Ён Чолын энэхүү айлчлал АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний хоёр дахь удаагийн уулзалт болох хүлээлттэй байгаа үед болж байгаа юм. Ажиглагчдын таамаглаж буйгаар Дональд Трамп, Ким Жон Ун нарын ээлжит дээд хэмжээний уулзалт Вьетнам эсвэл Тайландад болох магадлал өндөр байгаа.

 

Хойд Солонгосын албан тушаалтан Чой Сон Хүй энэ долоо хоногийн эхээр Бээжингээр дамжин Швед улсад хүрэлцэн ирж, Хойд Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стефен Бийгэнтэй уулзсан гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top