ЧУУЛГАН: Хуулийг дагаж мөрдөх хугацааны дундын хувилбарыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулдаг болох тухай хуулийн төслийг өнөөдрийн /2019.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахаар тогтоод байгаа. Хэдийгээр хуулийг өнөөдөр батлах ч хууль хэрэгжих хугацааны хувьд эргэлзээтэй байдал үүсээд байсныг холбогдох байнгын хорооны гишүүд удтал хэлэлцсэний эцэст дундын хувилбарыг олж чадсан. Харин УИХ-ын Тамгын газрын мэргэжилтнүүдийн зүгээс ийнхүү дундын хувилбарыг сонгох нь Үндсэн зөрчсөн үйлдэл болж болзошгүйг анхааруулж байсан юм.


Учир нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын гурван өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно” гэж заасан. Мөн хуулийн 53.5 дахь хэсэгт хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ, 53.6 дахь хэсэгт хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Хуулийн эдгээр заалтыг тооцож үзвэл хуулийг дагаж мөрдөх хугацаа хойшлогдоход хүрээд байсан юм. Магадгүй аль нэг намын бүлэг завсарлага авах, Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих тохиолдолд энэ хугацаа улам хойшлох байдалд орохыг ч үгүйсгэх аргагүй байв.


Иймээс байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд Л.Оюун-Эрдэнэ нарын зарим гишүүд уг хуулийг 2019.01.24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх санал гаргаж, саналын үндэслэлээ тайлбарлаж байлаа. Мөн Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуульд хориг тавихгүй, иймээс хуулийг дагаж мөрдөх хугацааг гишүүдийн гаргасан саналын дагуу шийдэх боломжтой гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхолд хэлсэн.

 

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар үүссэн нөхцөл байдлыг харгалзаад хуулийн төслийг аль болох шуурхай хэлэлцэж шийдвэрлэхэд гишүүд анхаарч байгаа, иймээс нэг талаас хуулийн зөрчилд орохгүй байх, нөгөө талаас итгэлцэл ойлголцлоо бодолцоод хуулийн дагаж мөрдөх хугацааг зохицуулсан дэгийн хуулийн заалтаа мөрдөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.


Тиймээс байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан гишүүдээс гаргасан санал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын тайлбарыг харгалзан үзээд хуулийг дагаж мөрдөх хугацааг 2019.01.25-ны өдөр гэж тогтоох дундын хувилбарыг санал болгосныг гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн.


Одоо Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах учиртай.


Чуулганы хуралдааны үеэр гишүүд ямар байр суурь хүргэхийг zindaa.mn цаг алдалгүй хүргэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top