Удахгүй болох гэж байгаа эх үрсийн баярыг угтан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа. Алдарт эхийн нэгдүгээр зэргийн одонгоор Ч.Банзрагч, Ц.Баяр, С.Замбага, А.Магсаржав, Б.Ичинхорлоо, Д.Рина, Д.Халтархүү, В.Оюунгэрэл, Н.Өнөртогтох, Д.Сайнжаргал, Г.Чанцалдулам нар, “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор Т.Алтанцэцэг, Ж.Саранцэцэг, Б.Дулмаа, Д.Майцэцэг, Д.Нэргүй, Ч.Нямжав, Л.Оюунтуяа, С.Өнөрбилэг, Ч.Эрдэнэчимэг, С.Одончимэг нар энгэрээ мялаав. МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Ээжүүддээ ирж буй эх үрсийн баярын мэнд хүргэе. Эх үрсийн баяр цагаан сүүний баяр үргэлж сүүн замтай байхын ерөөл дэвшүүлье. Одонгоо гардуулах 130 гаруй мянган ээжийг төлөөлүүлэн 21 сайхан ээжид өнөөдөр “Алдарт эх”-ийнх нь одонг гардуулж одонгийн болзол хангасан бүх буянт ээжүүдээ шагнах зарлигт гарын үсгээ зурлаа. Өнөөдрийн миний зарлиг 108 гэсэн дугаартай байгаад их бэлэгшээж байна. Монголын сайхан эжий бүхэн Монгол үндэстэнг мөнхөд тээж, тэтгэж яваа буянт Дарь-Эхүүд юм. “Дарь-Эхүүд 21 байдаг гэдэгт би итгэдэггүй. Даруухнаар айл бүрт нэг нэгээрээ байдаг юм” гэж манай алдарт нэгэн найрагч өгүүлсэн байдаг. Дарь эх болсон сайхан ээжүүд, эмээ нараа үргэлж баярлуулж байхыг үр хүүхдүүд, ач зээ нараас нь хүсье. Үр хүүхдийнхээ буян заяа, хийморь, сайн сайхны төлөө өглөө үдэшгүй залбиран зүтгэдэг, Монгол үндэстний мөнхөд оршихын алтан хэлхээ болсон, ачтан буянтны ариун дээд шүтээн нийт ээжүүддээ баяр хүргэж чин сэтгэлээсээ “Хайртай” гэдгээ дахин дахин хэлье. Элбэрэлт ээждээ охин нь, хүү нь болж төрсөн нийт иргэд, хүүхэд багачуулдаа баяр хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн хэллээ. Энэ жилийн хувьд Монгол улсын түүхэнд хамгийн олон ээж “Алдарт эх” болсныг уншигч танд дуулгахад таатай байна.Мөн энэ өдөр Ерөнхийлөгч зарлиг гарган дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийн дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, бригадын генерал Бямбасүрэнгийн Баярмагнайд хошууч генерал, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Жамбаагийн Бадамбазарт бригадын генерал цол хүртээлээ.
Д.Сэндэр.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )