ДАВОС дэлхийн сайн сайхны төлөө үйлчилж чадаж байна уу?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб Дэлхийн II дайны үед өнгөрсөн бага насандаа дэлхийг илүү сайхан болгох нэгэн байгууллага байгуулахыг мөрөөддөг байсан тухай дурсдаг.

 

Швейцарийн Давосын цанын баазад жил бүр хамгийн хүчирхэг, алдартай, чинээлэг хүмүүсийг цуглуулдаг түүний энэ санаачилга тодорхой нөлөө үзүүлсэн. Гэвч Давосын чуулга уулзалтыг бизнест илүү анхаарлаа хандуулж, сонгогчид нь популист удирдагчид руу хошуурах болсон гэх шүүмжлэл хурцаар дагахын хэрээр тус байгууллага дэлхийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгодоо нийцэж буй эсэх асуулт гарч ирж байна. Энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 22-25-нд Давост ээлжит уулзалт болно. Дэлхийн эдийн засгийн форумын уулзалт, арга хэмжээнүүд бизнесийн хүрээнийхэн хөндлөнгийн хяналтгүйгээр Засгийн газрыг лоббидох нэгэн аюулгүй орон зайг бий болгосон гэсэн шүүмжлэл энэ өдрүүдэд Давосыг мөн чиглэж байна.


 

Энэ асуудалд Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны төлөөлөгч Эдриан Монк "Тус байгууллага засаглалын хамгийн өндөр стандартуудыг хэрэгжүүлдэг" гэсэн тайлбар өгөв.

 

Германы Равенсбург хотноо 1938 онд төрсөн Клаус Шваб 1971 онд Дэлхийн эдийн засгийн форумын эхлэл болох Европын менежментийн форумыг үндэслэж байх үедээ Женевийн их сургуулийн жирийн нэгэн профессор байв. Сүүлд тэрбээр өөрийн нууц зөвлөгөөндөө АНУ-ын тэргүүн бизнесменүүдийг урьж өргөжүүлсэн юм.

 

2018 онд Стокгольмын их сургуулийн хоёр профессорын хэвлүүлсэн Дэлхийн эдийн засгийн форумын хөгжлийн түүхийг тухай номд цаг хугацааны явцад Давост цугладаг бизнес хүрээнийхний эгнээнд улстөрчид нэмэгдэн орж, форумд НҮБ-ын уур амьсгалын хөтөлбөрийг ч оруулж иржээ. Дэлхийн засаглалын институцийн үйл ажиллагааг доголдож, олон улсын бодлого боловсруулах явц зогсонги байдалд орсон гэх шүүмжлэлтэй зэрэгцэн Дэлхийн эдийн засгийн форум өөрийгөө нэгэн боломж гэж харуулж байна хэмээн Кристина Гарстен, Эдриэнн Сорбом нар “Хянамгай засаглал: Дэлхийн эдийн засгийн форум зах зээлийн төлөвийг хэрхэн тодорхойлж байна вэ” нэртэй номондоо бичжээ. Жил ирэх тусам Дэлхийн эдийн засгийн форум амжилтаа бататган, өрсөлдөгч талууд Альпийн нурууны бэлд үзэл бодлоо уралдуулж байна. Давосын хөтөлбөр шинэ шинэ бүс нутгийн уулзалтаар баяжив. Дэлхийн эдийн засгийн форумын “Хэврэг удирдлага”-ууд “Хэрэв чи дэлхийн дээдсийн хүрээний нэгэн хэсэг болохыг хүсч байвал энд ирэх ёстой” гэх итгэл үнэмшилд найдаж байна гэж Сорбом ярив.

 

Түүний хэлснээр, тус байгууллага олон улсын бусад бүтцүүдэд дутагдаж буй тэр зүйлийг санал болгодог аж. "Энэ бол бизнес, засгийн газрын тэргүүнүүд уулзах боломжтой орон зай юм. Гэвч энд хүндрэлтэй тал ч бий. Жил бүр Давост төр, засгийн тэргүүн нар цуглардаг хэдий ч Дэлхийн эдийн засгийн форум дэлхийн засаглалд нөлөөлөх хууль ёсны эрхгүй нэгэн байгууллага мэт харагдаж байна" гэж Стокгольмын их сургуулийн профессорууд үзэж байна.

 

Давосын уулзалтыг эсэргүүцсэн жагсаал болон бусад кампанит ажиллагаа зохион байгуулдаг Швейцарийн “Олон нийтийн нүд” төрийн бус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Оливер Классен "Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт тус санг дэмждэг 1000 компаниас үргэлж хараат байсан" гэжээ.


 

Форумын гишүүнчлэлийн төлбөр нь 60-600 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг. Эл төлбөрийг төлснөөр компаниуд Давосын форум болон бусад арга хэмжээнүүдэд жилийн турш оролцох эрхтэй болдог.

 

“Хүмүүст бие биетэйгээ ярилцах нь зөвтгөж болох зорилт гэж Шваб бат итгэдэг гэлтэй. Гэвч тэдгээр хүмүүсийн ихэнх нь хувийн эрх ашигт хөтлөгдөж буй тул энэ нь  эцсийн дүндээ зөвхөн гэрээ, хэлцэл хийх л зорилго болж хувирч буйг тэрбээр ухамсарлахгүй байна” гэж Классен онцолжээ.

 

Гэвч Монк Дэлхийн эдийн засгийн форумын хувьд олон оролцогчтой байх нь бусдын үзэл бодол, эрх ашгийг хүндэтгэх явдал юм гэж эсрэгээр үзэж байна.

 

2000-аад оны үед орон нутгийн иргэдийн эсэргүүцлээс үүдэн Давосын уулзалтын хувь заяанд аюул заналхийлж байв. Үүний хариуд Шваб Давосын уулзалтыг иргэний нийгмийнхэнд илүү нээлттэй болгож, урьд нь хаалганы цаана үлддэг байсан хэвлэл мэдээллийнхнийг арга хэмжээнд түлхүү оруулдаг болгосон. Энэ алхам сайн дурын үндсэн дээр хийгдээгүй. Эс бөгөөс Форумын төгсгөл ирнэ гэдгийг Шваб ойлгосон хэмээн саяхан Швабтай уулзсан Швейцарийн “Blick” мэдээллийн группийн Ерөнхий редактор Кристиэн Дорер онцлоод, "Дэлхийн эдийн засгийн форумын үндэслэгч өөрчлөгдсөн" гэсэн байсан юм. Түүний анхаарлыг эхлээд бизнесийн ертөнц татдаг байсан бол одоо илүү нээлттэй болсон гэж Сорбом үзэж байгаа аж.

 

“Чи шүүмжилж болно. Гэхдээ хэт шүүмжлэгч байж болохгүй, учир Боно биш л бол хөөгдөнө” гэж тэр ярьжээ. Олон талт оролцооны зарчимд нийцэж чадахгүй бол Форум чиний оролцох талбар биш гэж Монк мөн онцолсон байна.

 

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top