Дээдсийн машин ҮНЭГҮЙ зогсоолд, доодсын машин ТӨЛБӨРТЭЙ зогсоолд

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Том жижиг ямар ч асуудлаар хамаагүй ард иргэдээ хавчсан тушаал, шийдвэр өдөр тутам л гарч байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр 2019.01.20-ноос эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хоригложээ. 

 

Энэ нь чухам аюулгүй байдал, амин хувиа хичээсэн парламентийн гишүүдийн “хатгаас” уу, эсвэл эрх ямбаа бодсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд нарын цэнэглэсэн “сум” уу, ямартай ч Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга ийм шийдвэр гаргасан нь дээрх гурван байгууллагад данстай ажилчдын эсэргүүцэлтэй тулгарлаа. Төрийн ордны хашаанд, зогсоол түгжрэл үүслээ, машин тавих зай талбайгүй гэсэн чимээ лав сонсоогүй.  Тэр тусмаа Монгол Улсад хамгийн сэлүүхэн хашаа, зай талбайтай айл бол Шаргал ордон гэдэгтэй ч маргах хэрэггүй. Тэгэхээр ихэс дээдэс маань өөрсдийнхөө өчүүхэн ая тухыг чухалчилсан гэж болохоор.

 

Төрийн алба, тэр тусмаа төрийн чухал гурван байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаа ийн ад үзэхийн шалтгааныг чухам юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Шаргал ордонд ажиллаж байгаа Төрийн алба хаагчид бол төрийн “машин”-ы нэгэн эд эс, түүнийг хөдөлгөх том хүч юм. Тэгэхээр өөрсдийн нэгэн эд эсээ хөөн тууж байгаагийн цаана зөвхөн өөрсдийн эрх ямба л байдаг биз ээ.

 

Ихэс дээдэс нь өнөөдөр төрийн алба хаагчдын машиныг ордны хашаанаас хөөж байгааг бодоход маргааш Төрийн ордонд хооллохгүй байх шийдвэр гаргуулах вий гэсэн бодол ч төрж сууна. Магадгүй, тэдэнд өөрсдийн аюулгүй байдал, эрх ямба юу юунаас чухал байгааг бид дээрх шийдвэрээс харж байна. Албан газрынхаа зогсоолд машинаа тавих эрхгүй болсон алба хаагчид маань өглөө ажлаасаа хоцрох, машинаа ачуулахаас эхлээд аюулгүй байдал гээд олон сөрөг зүйлтэй тулгарч таарна. Тэр тусмаа хотын төв хэсэгт байрлах Шаргал ордны ойролцоо автомашины зогсоол олно гэдэг санахын ч гарз. Ордны өмнө буюу Сүхбаатарын талбайгаас эхлээд эргэн тойрон өндөр үнэтэй авто зогсоол л тэднийг угтаж авна уу гэхээс өөр юу ч олдохгүй.

 

УИХ-ын гишүүд, сайд дарга нарын хувьд аюулгүй байдал, ажлын цаг чухал байдаг, харин жирийн алба хаагчдад энэ нь огт хамаагүй бололтой. Дээдсийн машин үнэгүй зогсоолд, доодсын машин төлбөртэй зогсоолд шахагдаж байгаад төрийн албан хаагчид үнэхээр бухимдаж байгааг хэдхэн сэтгэгдэл харуулж байна...


 

 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.90) 2019 оны 01 сарын 23

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмэн хяналт тавихгүй бол мухардалд орлоо эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болох

0  |  0
Зочин(64.119.19.76) 2019 оны 01 сарын 22

76-н луйварчид ждү- чид 60-н тэрбумтангууд бүгд адилхан ордны хашаанд битгий ор,,,,,, адилхан бай,,,,

0  |  0
Иргэн(64.119.20.156) 2019 оны 01 сарын 22

Автобусандаа нусаа гоожуулаад явган явцгаа даварсан төсвийн чихээснүүд

0  |  0
Sss(202.179.27.234) 2019 оны 01 сарын 22

Хохь нь. Өөр ажиллах газар олдохгүй байна уу

0  |  0
иргэн (242.201.118.150) 2019 оны 01 сарын 22

yadarchaad mashin unaad l jinken yadraagui hulgaichuud um bishuu

0  |  0
иргэн(103.212.117.78) 2019 оны 01 сарын 22

Энэ шийдвэр буруу биш ээ.Дэг талаасаа ч аюулгүй байдлаа ч алс харахад зөв шийдвэр болсон.Харин эдгээр газрууд ажилчин албан хаагчидаа авдаг,зөөдөг, тодорхой чиглэлтэй,цагтай бага оворын автобустай болж асуудалаа шийдэх биз.

1  |  0
Top