Помпео Хойд Солонгосын талаар Токио, Сөүлтэй ярилцжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Японы Гадаад хэргийн сайд Коно Таро, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Ген Хва нартай Хойд Солонгосын асуудлаар ярилцлаа гэж Цагаан ордноос мэдээлэв.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ оны хоёрдугаар сарын сүүлээр болох дээд хэмжээний уулзалт болох газар шийдэгдсэн гэж мэдэгдсэний дараа тэрбээр Токио, Сөүлтэй утсаар ярьжээ.

 

Помпео Японы гадаад хэргийн сайд Коно Таротой Хойд Солонгосын үүрэг амлалтыг хэрэгжүүлэх дараагийн алхмын талаар ярилцсан бол Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Ген Хватай мэдээлэл солилцсон байна.


Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-д айлчилсан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга, генерал Ким Ён Чол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Баасан гарагт /2019.01.18/ Цагаан ордонд уулзсан юм. Уулзалт 90 минут үргэлжилжээ. Эл уулзалтын талаар Дональд Трамп цөмийн зэвсгээс ангижруулах асуудал дээр ихээхэн дэвшил гарсан хэмээн мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top