Үр тариа болон төмс, хүнсний ногооны тариалалтад 986 тонн дизель түлш нэн яаралтай хэрэгтэй байгаа ажээ. Тиймээс тариалалтыг технологийн хугацаанд нь явуулах үүднээс дээрх хэмжээний түлшийг Улсын нөөцөөс гаргах тухай саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд шийдвэрлэлээ. Цаашид уринш боловсруулалт, таримлын арчилгаа, ургац хураалт зэрэгт нэмж 8865 тонн дизель түлш шаардагдана гэсэн тооцоог ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцуулсан юм. Газар тариалангийн салбарт зориулж 10 мянга гаруй тонн дизель түлшийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор ХХААХҮЯ, НИК компани гэрээ байгуулсан. Түлшний нөөц бага байгаатай холбогдуулан гэрээ хийсэн аж ахуйн нэгж, иргэдэд зөвхөн тариалалтад шаардагдах түлш өгч байгаа юм. Гэхдээ төмс, хүнсний ногоо тариалдаг жижиг аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай байгаа түлшийг тухайн аймаг,сумаар дамжуулан олгох нь зүйтэй гэж Онцгой комиссын хуралдаанаас үзлээ. Тавдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд үр тариа 76,6, төмс 51,7, хүнсний ногоо 38 хувийн тариалалттай байна. Энэ онд манай улс 388 мянган тонн үр тариа, 188 мянган тонн төмс, 94.8 мянган тонн хүнсний ногоо, 36.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар төлөвлөсөн. Ингэснээр хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг өөрсдөө хангахын зэрэгцээ 280 мянган га-д чанар сайтай уринш боловсруулах юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )