ЧУУЛГАН: Тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын Төрийн албаны хуультай холбогдуулан санаачлан боловсруулсан тогтоолын төслүүдийг дэмжин эцсийн хэлэлцэг шилжүүлэв. “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019.01.23-ны өдрийн хуралдаанаараа дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1.4 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар болсон. Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Тэргүүн  түшмэл АА-2”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Орон  тооны шинжээч” гэж, мөн “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Эрхэлсэн түшмэл АА-5”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Ахлах референт” гэж, “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Ахлах түшмэл АА-6”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Референт” гэж тус тус нэмэхээр тогтлоо. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. 

Хуралдаан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төрийн албаны бүтэц цомхон байснаараа илүү дархлаатай болохыг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт иргэдийг аюулгүй, амгалан тайван амьдруулах, сурч боловсрох, эрүүл аж төрөхөд төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг тодотгов. Харин төрийн захиргааны албан хаагчдын бүтэц бүрэлдэхүүнд зайлшгүй дүн шинжилгээ хийж, цомхон чадварлаг болох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хариултдаа төрийн албаны бүтэц данхайх асуудалд ялгамжтай хандахыг онцлохын зэрэгцээ одоогоор 191 мянган төрийн албан хаагч байгаагийн 135 мянга нь төрийн үйлчилгээ, 37 мянга нь төрийн тусгай, 19 мянга нь төрийн захиргааны албан хаагч байгааг тодотгов.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-III”, “Улс төрийн албан тушаал” гэсэн хэсэгт “Шадар сайд гэж,  мөн төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-IVА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч” гэж, төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-VI” “Захиргааны албан тушаал” гэсэн хэсэгт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга” гэж,  төслийн хавсралтын “Адилтгах албан тушаалын зэрэглэл” гэсэн баганын “ТӨ-VIА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны” гэсний дараа “тэргүүн дэд” гэж тус тус нэмэхээр тогтсон. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top