Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Ерөнхийлөгч албан бичигтээ “УИХ-ын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. Тухайлбал, УИХ 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулсан тул УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээн дурдаад буй.
Тэгвэл УИХ-ын намрын чуулганыг сунгах асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Ерөнхийлөгчөөс албан бичиг ирсэн. Дэгийн тухай хуулиар хоёрдугаар сарын 10-ныг хүртэл намрын чуулган хуралдах учиртай. Чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх асуудал хуулийн хувьд боломжтой. Үнэхээр бид энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж чадахгүй цаг алдсан зүйл бий. Би энэ бичгийг хоёр бүлгийн даргад явуулсан байгаа. Бүлгийн дарга нараас хариу ирсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
инээдтэй бөөс