Удахгүй болох Хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан их хотын хуүхэд багачуудын төлөөлөл болсон 20 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Нийслэлийн хүүхдийн төлөө газрын дарга С.Алтанцэцэг нар өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзан бэлэг гардууллаа. Уулзалтад шилдэг тэргүүний сайчууд төдийгүй халамжийн төвд амьдардаг, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл ирсэн юм. Т.Дамдинжамц хүү Уул уурхайн мэргэжлээр сурах хүсэлтэй байгаагаа дуулгасан бол Хүүхэд асран хүмүүжүүлэх төвөөс ирсэн зургаан настай Ш.Тэлмэн дуу дуулж сонирхуулав. Энэ үеэр Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа “Хүүхдүүд эрхийнхээ өдрөөр үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, томчуудад дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй" гэдгийг онцлов. Мөн энэ өдөр Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд Төрийн ордны Баганат танхимд Монголын шилдэг 108 хүүхдэд шагнал гардуулсан. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн урлаг, спорт, сурлагаараа манлайлсан хүүхдүүд Шадар сайдаас шагнал хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн.
Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )