Тал ЕЭВЭН хаана вэ буюу “ЭРДЭНЭТ” хэнийх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

"Эрдэнэт үйлдвэр"-ийг Сингапурын компанид зарсан тухай яриа саарал ордноос эхэлж Монгол даяар тархав. Дөнгөж дөрөв хоногийн өмнө улстөрчдийн амнаас гарсан яриаг төрийг төлөөлдөг ТУЗ-ийн гишүүн Н.Дэмбэрэл ч, зарсан гэж сэрдэгдээд байгаа “Монголын зэс” корпорац ч няцааж буй. Чухамдаа зарсан, эс зарсан ч ийм яриа гарах болсон нь чухамдаа эх орон илүү юу, эрх ашиг илүү юу гэдгийг улстөрчдөөс асуух шалтгаан боллоо.


Миний нутаг шүлгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин парламентын танхимын индрээс уншсан нь олон нийтийг бухимдуулж байсан цаг саяхан. Гэвч сонгууль бүрээр эх орон, элгэн садан гэж цээжээ дэлддэг улстөрчид эх орныхоо төлөө чухам юу хийсэн бэ гэж асуухад хүрлээ. Үзэл бодлоороо нэгдсэн улстөрчид УИХ-ын даргыг суудлаасаа буух ёстой гэж үзэн хэдэн сар парламентын үйл ажиллагаа гацаж, үзэл санаагаа нэгдсэн ард түмний төлөөлөл нь талбайд жагсаал зохион байгуулав. Цаашлаад өлсгөлөн болсон энэ тэмцэл одоо ч үргэлжилж буй. Парламентат ёсны 27 жилийн түүхэнд аль, аль нь шинэ үйл явдал байсан. Ард түмний эсэргүүцэл, олон нийтийн санаа бодлыг үл харгалзан “спикер”-ын суудал дээрээ байгаа М.Энхболд ч, үзэл бодлоороо нэгдсэн улстөрчид ч биенийхээ зөв гэдгийг батлах гээд өдийг хүрчээ.


Сандал ширээний асуудлыг түр цаашлуулаад олон жил “саалийн үнээ” байсаар ирсэн Эрдэнэтийн жинхэнэ эзэн хэн бэ гэдэг асуудал руу оръё. Саалийн үнээ. Сааж болдог, саалиа хүртэж болдог, улстөрчид дэлэнг нь шувтарсаар ирсэн болохоор ингэж нэрлэсэн байж таараа. Дэлэнг нь шувтардаг ч Монголын эдийн засгийг 40 илүү жил тэжээсээр ирсэн нь нотлох албагүй үнэн. Гэвч 40 жилийн өнгөн дээрээ хуурамч гарын үсгээр гаднын банкны барьцаанд үлдэж, үлдсэн хувийг нь хувийн өмчийн компани авч, үүнийг эсэргүүцсэн төр мэдэлдээ авах ёстой гэж үзсэн сүүлийн гурван жилийн маргаанаас эзэн нь хэн бэ? гэх асуулт хариултгүй хэвээр үлдэв. Үйл явдлын зураглалыг харвал Сингапурт зараагүй. Улстөрчдийн үгийг харвал Сингапурт байгаа гэх “Эрдэнэт”-ийн хувь заяа чухам хаашаа эргэх вэ гэдгийг хэн ч асуусангүй. Гэвч одоогоос гурав хүрэхгүй жилийн өмнө 49 хувийг цааш нь дамлах вий гэх хардлага гишүүдэд байсан гэдгийг энд дурдах нь зүй.


Тухайн үед хуралдаан дээр Шадар сайдын алба хашиж байсан Ц.Оюунбаатар “Тийм, хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаар хийгээд дахиад өөр газар худалдах ч юм уу, өөр эзэнтэй байх ч юм уу, тэр асуудлуудыг бас  тодорхой тусгаж өгөх шаардлага бий” гэж хэлж байсан бол Худалдаа хөгжлийн банкийг төлөөлсөн О.Орхон Энэ компани бол одоогийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурал гэж байхгүй. Бүх зүйлийг совет дээр шийддэг ийм гэрээний дагуу явж байгаа. Энэ гэрээ автоматаар хүчингүй болсноор Монголын Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Тэрэн дээр бол 51 хувийн эзэмшигчийн давуу тал бүх эрх, үүргүүд компанийн тухай хуулиар зохицуулагдана” гэж хариулж байв.

 

Эзэн нь би, чи гэж маргаж байх хооронд төр болон худалдаж авсан компанийн төлөөлөл одоо “Эрдэнэт”-ийн ТУЗ-д бий. Гэвч эзэн нь хэн бэ гэдгээс илүү барьцаанд тавьсныг хэн ч сөхөхгүй байгаа юм бэ? Цаг хугацааны хүрдийг жилийн өмнөх рүү буцаавал Лондон хотын Арбитрын шүүх “Стандарт” банкны талд шийдвэр гаргаж “Эрдэнэт” үйлдвэр ялагдсан. Өөрөөр хэлбэл “Жаст”-ын Ш.Батхүү 2010-2012 онд “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан, үйлдвэрийн тамга тэмдэг, захирал, ТУЗ-ын даргын гарын үсгийг ашиглан “Стандарт” банкнаас нийт 109 сая ам.долларыг гаргуулсан эсэх маргаанаар шүүхэд ялагдсан гэсэн үг. Лондон хотын арбитр 2017 оны сүүлээр хуралдаж “Эрдэнэт” үйлдвэрийг 51 сая ам.долларыг дансанд байршуулбал давж заалдах шатны хуралдаан зарлаж болох шийдвэр гаргасан юм. Үүнээс гадна 2013 оноос хойш дөрвөн жилийн турш арбитрын маргаанд зарцуулсан зардал, үндсэн зээлийн хүү, торгууль алданги зэргийг “Эрдэнэт” үйлдвэрээс нэхэмжилж мөн арбитрт хандсан байна. Лондоны арбитр уг  нэхэмжлэлийг бас л хангаж  зардал, үндсэн зээлийн хүү, торгуульд нийт 44 сая долларыг “Эрдэнэт” үйлдвэрээс гаргуулан “Стандарт” банкинд олгох шийдвэр гаргав. Монгол мөнгөөр тооцвол сард 900 мянган ам.долларын хүү буюу 2.2 тэрбум, өдөрт 75 сая төгрөг төлөх ёстой болж таарсан.


Би, чи гэх маргаантай ч олон жил улстөрчдийн саалийн үнээ байсаар ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяа хэрхэх нь одоо ч тодорхойгүй хэвээр. “Эрдэнэт”-ийн эзэн хэн бэ гэж маргалдаж байх хооронд Лондон хотын арбитрын шүүхээс гаргасан шийдвэр, түүнийг хэрхэн хангаж байгаа талаар асуух улстөрчид алга. Сард 900 мянган доллар буюу 2.2 тэрбум төгрөгийн хүү төлөх шийдвэр жилийн өмнө гарснаас хойш бид МАНАН, дарга нартайгаа тэмцсээр өдийг хүрлээ. Еэвэнгийн тал нь яг хаачсан бэ?


“Эрдэнэт”-ийн 49 хувийг ДАХИН ДАМЛАВАЛ яах вэ гэдэг асуудал НУУЦ ХУРАЛДААН-аар хөндөгдөж байжээ


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.113.42) 2019 оны 01 сарын 30

Нөгөө Монгол ялна хааччихсан бэ.

0  |  0
ara(150.129.140.110) 2019 оны 01 сарын 29

Xudlaa toriin mefeld avchixsan zasgiim gazriin xuralaar orj zeel avax xiigeed erxiin shiljuulgiin asuudal yarigdana sh d medleggui toglox yumaa

0  |  0
Singapore(66.181.165.246) 2019 оны 01 сарын 29

Singapore yeibing bolson ba

0  |  0
Top