Амирдоогийн Амартүвшин: Аливаа хүмүүний амжилтад хүрсэн түүх ялгаатай

2019 оны 01 сарын 30

"50 ЧУХАЛ ХҮН" номонд нийтлэгдсэн ярилцлага, нийтлэл, хөрөг тэмдэглэлээс цувралаар хүргэж байна.

 

Эрдэм номын дээж, эхлэл нь “А” гэж та бид бэлгэшээн дээдэлдэг. Энэхүү номын маань түүчээ гол баатрын алдар А.Амартүвшин байгаа нь бас бэлгэшээлтэй юм. 1908 онд АНУ-ын Мичиган мужийн Детройт хотноо Форд хамгийн анхны автомашиныг үйлдвэрлэснээр дэлхийн автомашины аж үйлдвэрлэлд хувьсгал хийсэн юм. Ердийн хөсөг тийнхүү үеэ элээж, хүн төрөлхтний хуурай газрын тээврийн салбар үүрд хувьсан өөрчлөгджээ. Гэсэн ч…Тэртээгээс хойш 90 жил өнгөрсөн байхад хөгжлөөс хоцорсон бид зуны аагим халуунд ч, дүн өвлийн хүйтэнд ч тохь тух муутай, “УАЗ-469” машин хөлөглөсөөр л байж. Учир нь Монголын бартаа ихтэй хөдөөгийн замд таарах цорын ганц унаа нь тэр.  1990-ээд оны эхэнд тэр л “69”-ийн хойд суудалд нэгэн залуу толгой дээрээ нэг гараа өргөж, нөгөө гараараа хөлсөө арчин  явжээ. Ньютоны толгой дээр унасан алим дэлхийг өөрчилсөн гэдэг шиг хэрэв цонх, салхивч, битүүмжлэл тааруу, тав тух муутай тэрхүү унаанд мөнөөх залуу суугаагүй бол барууны машин орж иртэл монголчууд халуундаа халж, хүйтэндээ хөрсөөр л явах байж. ОХУ-д нисэхийн мэргэжил эзэмшсэн залуу Амартүвшин тийнхүү явжээ. Энэ хэцүүхэн аялал инженер сэтгэлгээтэй түүний бизнесийн эхлэлийг тавьжээ. Өнөөдөр бид өвөг дээдсээрээ бахархдаг ч чухамхүү тэд юуны хүчинд дэлхийн талыг  эзэгнэн номхотгосон нууцын талаар төдийлөн судалдаггүй. Өнөөгийнхөөр бол монголчуудын нууц нь маш нээлттэй, инновацилаг мэргэжлийн баг бүтээсэнд  нь байж уу гэлтэй. Өрсөлдөгчид нь үлбэгэр, зөрүүд байхад бидний өвөг дээдэс боломжит бүх технологийг ашигладаг, нутагшуулдаг инженерүүд байлаа. “Хамгийн гол нь хуулбарлаж бус, өөрсдөө шинийг сэтгэж, аливааг нутагшуулах нь  илүү чухал”-ыг тэрбээр юун түрүүнд онцолж байна.Наймаа хориотой 1985 онд найман тарваганы арьсаар ээжээрээ хантааз оёулан Орост оюутнаар очихдоо борлуулж, анхлан видео кино төлбөртэй үзүүлж, малын тэжээл хойд хөршид экспортолж, Монголд анх удаа автомат ундааны машин нэвтрүүлсэн тэрбээр өнөөдөр аливаа хуулийн этгээд бүрийн нүүр царай болсон “Тод тамга” үйлдвэрээ байгуулжээ. Мөн “Монгол одон медаль” ХХК, “Todtower” оффис, “Замч аялал жуулчлалын нэгдсэн мэдээлэл”-ийн аппликейшн, “Амартүвшин” орон сууцны хороолол, “Leona” амралтын бааз зэргээ нэгтгэж “Зааг групп”-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.  Түүний амжилтын нууц юунд байв?


-Таныг бизнесийн гараагаа “Зааг сервис”-ээс эхэлсэн гэж мэднэ. Бүгд л ганзагын наймаанд жирийлгэж байхад та “УАЗ-469” машины сул талыг бизнесийн боломж гэж харан доторлогоо хийж эхэлжээ. Гэхдээ…?

-Нутаг руугаа “УАЗ-469”-тэй явлаа. Зам ч гэж авах юмгүй. Дээр нь унаа маань тохь тух муутай.  Машин дотор яг л тоос сорогчийн хоолой шиг их тоос шороо бужигнаж байсан. Наранд саун л гэсэн үг. Жолооч нь аминдаа нарнаас хамгаалж, дээврээ бүрсэн юм билээ. Гэхдээ тэр нь болхи болохоор унжиж толгой цохино. Замын туршид толгойгоо хамгаалж дээврийг нь өргөсөөр ирсэн. Ингээд л хотод ирэхдээ ах дүү нартайгаа ярилцсан. Манайхан бүгд л техник сэтгэлгээтэй хүмүүс. Тиймээс сайн, чанартай доторлогоо хийе гээд “ЗААГ” гэж компани байгуулсан.


-“Зааг” гэхээр шороо тоосноос хамгаалж, халуун хүйтнээс зааглана гэсэн үг үү. Ямар учиртай нэр вэ?

-Амарбаясгалан, Амартүвшин, Ганчулуун гурвын компани гэсэн санаа л даа. Бид компаниа байгуулчихаад эхний хориод хоног юу ч хийчих вэ дээ гэж бодсон. Учир нь үйлчлүүлэгч байдаггүй шүү.


-Шинэ үйлчилгээ учраас үйлчлүүлэгчид мэдэхгүй байв уу?

-Реклам, сурталчилгаа ч байгаагүй үе л дээ. Тухайн үед “МОНЦАМЭ” агентлагийн хажууд одоогийн УИХ-ын гишүүн Энх-Амгалан нарын залуусын байгуулсан хэвлэх үйлдвэр байсан. Тэд “Фүжи”-гийн гэрэл зураг боловсруулдаг машин оруулж ирсэн. Түүгээр нь бид нэрийн хуудас хийлгэлээ.


-Ямархуу нэрийн хуудас болсон бэ?

-Өөрсдөө доторлогооныхоо зургийг аваад, түүнийгээ нэрийн хуудас болгож хэвлүүлсэн хэрэг. Одоогийн сурталчилгааны тараах материалын жижиг хувилбар юм даа.  Түүнийгээ бариад гудамжаар явж “69”-тэй хүмүүст тараасан. Анх манайхыг хүмүүс тэгж мэдсэн. Сүүлдээ манайхаар үйлчлүүлэхэд сарын өмнөөс захиалга өгдөг болсон.


-Нэрийн хуудсаараа реклам хийжээ?

-Тийм л юм даа. Эхлээд бид I хорооллын граждаа өдөрт дөрвөн машин авч доторлодог. Ачаалал ихтэй ч болсон. Тиймээс Замын цагдаагийн газрын дэргэд зургаан машины граж түрээслээд зургааг доторлодог боллоо. Өдөржин, шөнөжин ажиллаад нүдний нуух гражийн тоостой зууралдаад зовхи зулгарчихдаг байлаа  Гэвч илүү машин авч чадахгүй. Хүмүүс захиалга бичүүлээд л хүлээдэг байлаа. Эндээс бизнес хийхэд анхаарах бас нэг сургамж авсан. Хэрэв бид орлогоо бодоод өдрийн нормоосоо илүү машин авбал ажилчид маань ядраад маргааш нь ажлын бүтээмж нь муудчихдаг. Бидний үйлчилгээ ч үүнийг дагаад муудна. Тиймээс ажлын ачааллыг тааруулах нь зайлшгүй хэрэгтэй гэдэг зүйлийг ойлгосон.  Шинээр сайн ажилчин бэлтгэхэд багагүй хугацаа хэрэгтэй. “УАЗ-469”-ийн бүх сөрөг талыг мэдэх мэргэжилтэнтэй болно гэсэн үг шүү дээ. Ийм хүнийг сургахад багаар бодоход 3-4 сар зарцуулна. Тиймээс бид шугам дамжлагатай болсон. Бэлдэц бэлтгэдэг хүнтэй болсон гэсэн үг. Бид хүмүүсийнхээ ажлын ачааллыг бодитоор судалж, тэр хэмжээнд нь барихгүй бол бүтээмж муудна гэдгийг маш сайн ойлгосон. Түүнээс хойш олон бизнес хийсэн. Ингэхдээ яг л энэ зарчмаа барьж, зөв менежменттэй байсан учраас төрөөс нэг ч тендер авалгүй 30 орчим жилийг амжилттай тууллаа. Ер нь ажлын ачааллыг жигд хуваарилж чадвал тэр нь тухайн байгууллагын удаан, үр дүнтэй оршин тогтнохын үндэс болдог. Гэтэл манайхан ачааллаар дараад, бүтээмжийг үгүй хийчихдэг. Хоёроос гурван өдөр гүрийж болох ч сүүлдээ байгууллагын үйл ажиллагааны жигд голдирол алдагдаж, дотоод уур амьсгалд сөргөөр нөлөөлж, байгууллагын соёл, үнэт зүйлс өөрчлөгдөхөд хүрдэг хохиролтой.Хямралын хүнд жилүүдэд “Зааг сервис”-ээс амьдралын гараагаа эхэлсэн олон залуус өдгөө нийгмийн бүх салбарт амжилттай сайн явцгаадагт нь бахархаж явдаг.

-Зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан тэр үед бүгд л ганзагын наймаанд явж эхэлсэн. Гэтэл та огт эсрэгээр, алдагдалд ч орж мэдэх зүйлийг сонгожээ. Тухайн үед бэлтгэгдсэн боловсон хүчнүүд бүгд ганзагын наймааг илүүд үзэн ажлаа орхиж байсан. Хохирол нь өнөөдөр Монголын бүхий л салбарт мэргэжлийн мэргэшсэн хүн дутагдалтай байна. Та харин энэ бүхнийг өөрийнхөөрөө сөржээ. Ингэхдээ битгий гэж зөвлөсөөр байтал та дараагийн удаад тамганы үйлдвэрлэлийг сонгож. Яагаад вэ?


-Гадны бараа зарахыгаа амар ажил гэж ойлгоод уу? /инээв/

Биелэгдэшгүй гэдэг үг бий. Үүнийг бичээд харвал үсэг байгаа биз. “Б,и,е,л,э,г,д,э,ш,г,ү,й” гэж дараалан бичсэн үсэг. Тэгэхээр үүнийг жижигрүүлээд, “б”, “и”, “е” гээд бүгд дээр нь тусгайлан төлөвлөгөө гаргаад явбал болохгүй, бүтэхгүй зүйлгүй. Магадгүй би 1990-ээд онд тамганы үйлдвэрийн бизнесийг хийсэн бол амжилт олохгүй, дампуурах байсан ч юм билүү.


-Яагаад тэр билээ. Та туршлагагүй байсан гэх гээд байна уу?

-Тийм ээ, туршлагагүй байсан

Төрийн “Монгол тамга” үйлдвэр байгуулагдсаны дараа биднийг “Тод тамга” үйлдвэрээ байгуулахаас өмнө хоёр газар зөвшөөрөл авсан байдаг. Хоёулаа амжилт олоогүй, зогссон. Надад тусгай зөвшөөрөл өгсөн н.Ганболд гээд сайхан ах бий. Тэр хүн “Хүү минь, чи өөр юм хий. Наад тамганаасаа л холхон яв. Хоёр ч хүн бүтэлгүйтсэн” гэж захисан. Бид чадна гэдгээ хэлэхэд “Дараа нь намайг хэцүүг нь хэлээгүй гэж битгий хэлээрэй” гэж билээ. Аливаа юманд хариуцлага хамгаас чухал. Нисэхийн салбарын бүтээгдэхүүн  болохоор би хамгийн түрүүнд хариуцлага чухал гэдгийг ой тойндоо ортол тогтоосон хүн. Нөгөө талаар, цэцэн хүн бусдын алдаанаас, ухаантай хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг. Харин тэнэг хүн өөрийнхөө алдааг давтдаг гэж үг бий. Тиймээс судалгаа сайн хийж, өмнөх хүмүүсийн алдааг их судалсан. “Биелэгдэшгүй”-гийн “б” үсэг дээр яаж алдаж, “и” үсэг дээр хэрхэн бүдэрч гээд учрах хүндрэлүүдээ бүрэн тооцоолж, өмнөх алдсан хүмүүсийн туршлагыг аваад явбал аливааг хийхэд илүү дөхөм болдог. Гараанаас гарахдаа судалгаагаа сайн хийж чадвал бариагаа төсөөлж амжина. Бариа төсөөлөгдвөл урагшлахад амар болчихдог.


-Бизнесийн салбарт алдаж буй залуус нөхцөл байдлаа бодитоор тооцоогүй, судлаагүй, нарийн төлөвлөж чадаагүйгээс болоод дампуурч байна уу. Та тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ажил хийж байгаа хүн алдаж онолгүй л яахав

Гэхдээ манайхан төлөвлөлт бараг хийдэггүй. Нэг нь шинэ юм хийгээд, тэр нь гайгүй амжилттай яваад эхэлбэл “Энэ их ашигтай бизнес байна” гээд сохроор дагаж, тэр бизнес рүү ордог. Бизнесийнхээ нарийн учрыг ойлгоогүй учраас үйлчлүүлэгчээ татаж чаддаггүй. Чадахгүй болохоор зөвхөн үнийн өрсөлдөөнөөр үйлчлүүлэгч татах гэж оролддог. Энэ их хортой.


-Яагаад хортой гэж. Харин ч өрсөлдөөний сайн чанар нь хэрэглэгчдийн гарт хямд бүтээгдэхүүн очих биз дээ?

-Зөвхөн үнээр өрсөлдөх гэж оролдох нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлээ үнэгүйдүүлдэг. Ингээд тэнд хэн ч ажиллах аргагүй болгочихдог. Энэ бол машин доторлож эхлэхэд л надад тохиолдсон хүндрэл. Бид эхлүүлсэн. Жилийн дараа хуулбарууд гарсан. Бүгд үнээр өрсөлдсөн. Дээр нь өрсөлдөгчдийнхөө талаар сөрөг мэдээлэл тарааж, шүлсээр булдаг. Өөрөө шинэ үнэ цэнэ үүсгэж давуу талаа сурталчлахын оронд өрсөлдөгчөө муулдаг. Энэ бол цэвэр өрсөлдөөн биш.


-Тэгвэл манай нөхцөлд жижиг дунд бизнесийг хөгжүүлэхэд ямар бодлого баримтлах хэрэгтэй гэж та бодож байна?

-Алтан зарчим бол хэрэглэгчдийн хэрэгцээг судлан асуудлыг нь анхалж шийд.

Шинэ технологи арга барилд суурил.

Уламжлалаа бүү орхи.

Өөрийн гэсэн өнгө төрхөө харуул.

Төр засагт бүү найд.


-Энэ сэдвээ түр хойш тавиад арай өөр сэдвээр хоёулаа ярилцах уу?

-Миний мэдэх сэдэв юм болов уу даа.


-Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай хүүхдээ мал дээр гаргаж байсан. Амьдралд суралцуулахаас гадна Монгол хүн болгох ухаан байсан болов уу. Ер нь монголчууд нутаг, ус, эх орноо гэсэн сэтгэлтэй. Байнга л түүн рүүгээ тэмүүлдэг ард түмэн. Тиймээс амьдралаа дагаад хот суурин бараадсан ч “Нутгийн зөвлөл” гэгчийг байгуулаад нутаг, орныхоо хөгжилд нэмэр, нөөлөг болж явцгаадаг. Та ч Хөвсгөлийн Хатгалын Нутгийн зөвлөлийн тэргүүн. Энэ бүхний цаана ямар чанар байна вэ?

-Хөвсгөл миний амьдралтай салшгүй холбоотой. Сайхан нутаг. Өглөө босоод л далай харна. Хатгалаасаа гараад өөр газраар явна л даа. Хүмүүс тухайн газар, орны сайхныг нь шагшина. Харин надад “Сайхан нь хаана байна аа” гэж бодогддог. Би чинь тийм л сайхан газарт төрж, өссөн хүн. Далай ээжийн дэргэд өссөн азтай хүн гэдгээ ойлгож амьдрах сайхан. Монгол оронд үзэсгэлэнт сайхан нутаг зөндөө бий. Төрж, өссөн хүн нь л нутгийнхаа сайхныг нь бусдаас илүү мэдэрдэг. Боломж чадлынхаа хэрээр төрсөн нутгаа хөгжүүлэх гэж хичээж явдаг.


-Хөвсгөл далай манай аялал жуулчлалын гол бүс нутаг. Гэхдээ бид тэр сайхан нутгаа бусдад гайхуулдаг ч илүү таниулж, үнэлүүлж, хөгжүүлж чадахгүй байна уу даа гэх бодол эрхгүй төрдөг. Газраа ухаж биш аялал жуулчлалаа хөгжүүлж мөнгө олоход юу илүү чухал бол?

-Хөвсгөлийн гайхамшигт байгалийг үзэх гэж гадаад дотоодоос ирэх жуулчдыг хэдэн гэрт хонуулснаар тогтвортой аялал жуулчлал болчихгүй л дээ. Цаг зав хөрөнгө мөнгөө зориулан очсон зочдынхоо сэтгэл ханамжийг дээшлүүлэх олон ажил, арга хэмжээг байнга санаачилж байх хэрэгтэй.

Нутаг орныхоо түүх соёлыг судлах дэлгэрүүлэх зорилгоор Хатгалын нутгийн зөвлөл МУИС-ийн Түүхийн тэнхимтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд “Хөвсгөлийн хязгаарын түүх соёлын зарим асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж эрдмийн ажлуудыг нэгтгэн ном болгож гаргалаа. Хатгал харуулын судалгааны ажлын хүрээнд Сайн Ноён Хан аймгийн холбогдолтой архивын баримтууд шинэ үсэгт галиглан хэвлэхэд бэлэн болж байна. Хатгалынхаа түүх соёлыг судлах нь жуулчдад үзүүлэх бүтээгдхүүний нэр төрөл нэмэгдэх өргөн боломжийг нээж өгч байгаа юм.

Манай Хатгал 30-аад үйлдвэр үйлчилгээний газартай, арван мянга гаруй хүн амтай байлаа. Малтай хүн цөөхөн, бүгд л тэдгээр үйлдвэрт ажиллана. Үйлдвэрлэлээрээ Улаанбаатарын дараа ордог том газар байлаа шүү дээ. Харин 1990 онд хуучин систем явцгүй болсон учраас Хатгалын бүх үйлдвэр зогссон. Улс даяараа зогссон л доо. Гэхдээ хамгийн хүнд туссан нь Хатгал. Яагаад гэвэл ажилчдын бүс нутаг байсан болохоор хотын амьдралын хэв маягтай байсан. Ингээд амьдралын эрхээр бүгд нүүсэн. 1200 хүн амтай болсон үе ч бий. Харин тэр үед Хатгалын сэхээтэн, боловсролтой хүмүүс нийлж Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Тогтохнямыг урьж Хатгал тосгоны захирагч болгосон.


-Сонин түүх байна. Хаа холоос ирээд “Нутгийг маань удирдан хөгжүүлж өгөөч” гэж гуйдаг ийм тохиолдлыг одоо хүмүүс сонсоод гайхах байх даа. Тэр эмэгтэй тэгээд та бүхний санаснаар ажилласан уу?

-Ажилласан. Тэрээр аялал жуулчлал бол Хатгалыг хөгжүүлэх гарц гэж харсан. Энэ шийдвэрийг гаргаад бусад бүх газарт орос хэл зааж байхад Хатгалын хүүхэд, залууст англи хэл заах бүх боломжийг ашигласан. Аялал жуулчлалын бүс гэдгийг улсад анх удаа дуугарч, түүнийг хөгжүүлэхээр бодлогоо боловсруулсан. Энэ үеэс л хүмүүс Хөвсгөлийн Хатгалыг зорих болсон.  Ер нь ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон тосгоны захирагч хүн нутаг орныхоо сайн сайхны төлөө алсын хараатай шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Манай Хатгал тосгоны үе үеийн захирагч нар дажгүй шүү.


-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгтэй гэж олон хүн ярьдаг. Та харин Нутгийн зөвлөлийн даргын хувьд юуг сэтгэж байна вэ?

-Улирлын чанартай жуулчлал байна гэдэг улирлын чанартай ажилгүйдэл бий болно гэсэн үг. Тиймээс Нутгийн зөвлөлийн дарга болсноосоо хойш хамгийн түрүүнд өвлийн аялал жуулчлал, нутгийн өнгө төрхтэй гар урлал  хөгжүүлэн өвөл хийх ажилтай байлгахыг зорьж байна. Эхнээсээ төсөл хөтөлбөр ч хэрэгжүүлээд эхэлсэн. Дээр нь нутгийнхан маань хичээх хэрэгтэй. Үнэгүй зүйл хавханд л бий гэдэг шүү дээ. Тиймээс аль болох хамтдаа хөгжихийн төлөө хичээх ёстой. Жил бүрийн уламжлалт Мөсний баярын Морин чарганы уралдааныг Хатгалын нутгийн зөвлөл ивээн тэтгэж зохион байгуулдаг юм. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ганц удаа Мөсний баяр зохиох биш тогтмол дэс, дараалалтайгаар арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй байгаа. Хатгалын жуулчны баазуудын орны тоо 1500. Гэхдээ энэ нь зуны улирлын тоо шүү дээ. Өвөл энэ тоо буурна. Гэтэл энэ жилийн Мөсний баяраар 15 мянган жуулчин очсон. Бүгдээрээ хонох газаргүй болоод олонхи нь  эхнийхээ өдөр буцсан. Тиймээс 15 мянган хүнийг нэг удаа хүлээж авах биш тогтмол, долоо хоног тутам авдаг байдлаар зохицуулбал нутгийн иргэдэд ч, жуулчдад ч хэрэгтэй. Бид энэ асуудлыг шийдвэрлэж чадна гэж бодож байна. Түүний төлөө ч ажиллаад эхэлсэн.


-Та ер нь хөрөнгө гэж юуг үздэг юм бэ?

-Хөрөнгө мөнгө гэдэг бол ажлын багаж гэж ойлгодог. Хөрөнгө оруулалт гэхээр биет юмыг ойлгодог. Гэтэл оюуны хөрөнгө оруулалт маш чухал зүйл. Би энэ зүйлийг мэдэхийн тулд амьдралынхаа 30 жилийг зарцуулсан гэж Оросын нэрт эрдэмтэн Капица гуай нэгэнтээ хэлсэн гэдэг.


-Та гэр бүлийн талаар ямар бодолтой явдаг хүн бэ. Хуучны цагт гэр бүлийн хувьд тогтворгүй хүн өндөр албан тушаалд очно гэдэг боломжгүй байлаа. Харин өнөөдөр дээшээ гармагцаа эхнэрээ сольдог болжээ. Тэр тухайн хүний сонголт байж болно л доо. Харин та юу гэх вэ?

-Хүний амьдралд ханиа сонгох сонголт маш чухал. Нэгэнт ханиа сонгосон бол голж, шилээд, салж сарних нь утгагүй. Аль болох ойлголцож, бие биеэ хөгжүүлэх ёстой гэж боддог. Залуу хосуудад зөвлөхөд хамтдаа  нэг зорилгын төлөө явах нь чухал. Бүх зүйлд зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хүрэхийн төлөө төлөвлөж чадвал цааш ахидаг. Миний хувьд, азаар сайхан хань сонгож чадсан. Хань минь надад зургаан хүүхэд төрүүлж өгсөн. Бурхны авралаар тэд маань эрүүл саруул, энх тунх явна. Зорилго тавиад, зорилгынхоо төлөө хүүхдүүд маань амжилттай зүтгэж яваа.


-Эмч хүн хүүхдээ эмч, багш хүн багш, инженер нь инженер болоосой гэж хүсдэг. Та харин үгүй бололтой. Тийм бодол танд байсан уу?

-Үгүй дээ. Миний барьдаг зарчим бол өөр. Минийхээр гурван төрлийн хүмүүс байна. Эхнийх нь, өөрийнхөө хоббиг ажил болгоод явдаг. Энэ хүн бол хамгийн аз жаргалтай. Хөрөнгөтэй болохоос ч илүү сайхан зүйл бол хийж бүтээснээсээ авч байгаа кайф шүү дээ. Харин ухаантай хүн бол ажлаа хобби болгодог. Харин  ажлаа ажил гэж боддог хүн хамгийн аз жаргалгүй хүн. Тиймээс би хүүхдүүддээ зөвлөгөө өгнө үү гэхээс зааж, чиглүүлэхийг хүсдэггүй. Тэд маань өөрөө өөрсдийнхөө замаар явах ёстой. Хэрвээ миний ажлыг хоббигоо болгоод түүнийгээ сонирхоод явна гэвэл чөлөөтэй. Харин би “Чи энийг үргэлжлүүлэх ёстой” гэж тулгаад, тэр нь хүүхдэд маань ажил болоод хувирчихвал би үрийнхээ аз жаргалыг булаасан болж таарна. Тиймээс өөрсдөө шийднэ биз гээд л явж байна. Харин чамтай нэг зорилгын төлөө явж байгаа хүн бол маш үнэ цэнэтэй том хүч юм.

-“Морин туурайгаар дэлхийн талыг тамгалсан…” гэж бид ярих дуртай. Тамганы талаар олон зүйрлэл байдаг. Таны үүсгэн байгуулсан “Тод тамга” тамга, тэмдгийн үйлдвэр,

-“Тэнгэр буй дор төр буй


Төр буй дор тамга буй, биширтүгэй, аюутугай” үгийг хамгаас дээр залжээ. Монголчуудын тамганы учир шалтгаан маш нарийн биз?

-Бавуугийн Лхагвасүрэн гуайн бичсэн “Тод тамга” дууны үг байна. Хэрвээ чи тухайн салбараас мөнгө босгож байгаа бол тэр салбараа нийгмийн талаас нь хөгжүүлж, түүндээ хөрөнгө оруулж, өөрөө судалж чаддаггүй юмаа гэхэд хүнээр судлуулах үүрэг хүлээх хэрэгтэй. Тамганы үүх, түүх, уламжлал, шинэчлэлийг нь судална гэдэг бол  өргөн утгаараа Монголын түүхэнд оруулж буй хувь нэмэр. Чамд ирэх ач тус нь бол бизнес чинь сайн явахын дохио. Тийм учраас тамганы түүхийг зайлшгүй судлах ёстой. Бид судалж ч байна.


-Монголчууд адуу, малаа хүртэл тамгалдаг. Энэ ёс хэзээнээс үүсэв?

-Тамгыг Монголоос гаралтай гэж би боддог. Нүүдэлчин соёлын нэг онцлог байгаа юм. Суурин соёл иргэншилтэй тариачин тариагаа бусдынхаас ялгаад байх шаардлагагүй. Харин малаа маллаж ирсэн нүүдэлчид бусдаас өөрийн малаа ялгахын тулд халуун төмрөөр тамгалж ирсэн. Гэхдээ одоогийнх шиг айл бүр тамгатай байсан уу гэвэл үгүй. Овог аймгууд дундаа нэг тамгатай. Түүгээрээ бусад овог аймгаас малаа  ялгадаг байж. Судлаач Бадарчийн Нямаа гуайн судалгааны бүтээлд Монголын овог аймгуудын тамганы түүх зоосон дээр буужээ гэдгийг тогтоосон. Хүний нийгмийн хөгжлийн явцад зоосноос эргээд их Монгол улсын тамганд буулгах болсон үе бас бий. Ингээд хөөвөл Монголд төрт ёс үүссэнээс хойш монгол хүн тамгатай байсан гэх үндэслэлд хүрч болно. Монголчууд эхлээд малаа тамгалж, дараа нь зоосоо, эцэст нь бусадтай харилцах бичиг хэрэгтээ тамгыг хэрэглэж иржээ. Энэ утгаараа хүн төрөлхтний түүхэнд оруулсан үнэтэй хувь нэмрийн нэг нь тамганы соёл.

Тамга хүндлэх ёс

Тамга амраах

Тамга түших

Тамга дарах гээд уламжлалт тусгай дэг жаягтай.


-Өнөө үед хэдэн янзаар тамгыг хэрэглээд байна вэ?

-Үндсэн хоёр янзаар хэрэглэж байна. Нэг нь, цаасан дээрээ буулгаж дардаг. Нөгөө нь, тамгыг товойлгож дардаг. Энэ нь лацны арга  л даа.  Голдуу англи-саксон тал руугаа хэрэглэж байх шиг байгаа юм. Өөрсдийн бөгжиндөө өөрийн сүлд, тамгатай. Түүгээрээ тамгалдаг байж. Энэ нь яван явсаар өнөөгийн лац хэлбэрийн тамга болж ирсэн хэрэг. Ажиглах нь ээ, Монголын эзэнт гүрний байлдан дагуулсан улсууд гол төлөв цаасан дээр дардаг тамга хэрэглэдэг. Харин англи-саксоны улсуудад товойлгосон тамга түлхүү байдаг. Солонгос сүүлд авч хэрэглэх болсон. Монголын шинэ үеийн тамганы түүхийг сөхвөл, Богд хааны хаш тамгыг уран гарт Гомбо гэдэг хүн сийлсэн гэдэг. Хошуу ноёд яамдын тамгыг мөнгөөр цутгаж хийдэг байжээ. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Догсомын Бодоогийн сийлсэн намын тамганаас хойш социализмийн үеийн тамгыг ихэнхидээ модон бариултай хийдэг байж

Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр 1992 онд одоогийн 100 айлд “Монгол тамга” гэж тамга тэмдгийн үйлдвэр тусдаа баригдаад ажиллаж байлаа. Түүнээс хойш манай “Тод тамга” үйлдвэр маань энэ салбарыг орчин үеийн технологитой болгож шинэчилсэн. Бид тухайн үед орчин үеийн гурван технологи оруулж ирсэн. Биднээс өмнө хуванцар хавтан дээр тамгаа сийлээд, сийлсэн хэвэндээ резин дүүргэж, халааж, шахаад тосонд хийдэг байлаа. Сул тал нь эдэлгээ муутай. Дардас нь бүдэг, нарийвчлал муутай байсан. Тийм ч болохоор Чойрогийн Дүгэрээ гэж хүн шоронд байхдаа баллуур дээр балаар тамга зураад дарчихдаг л байсан үе шүү дээ. Одоо бол тэгэх боломжгүй л дээ. Бидний хувьд дан дижитал технологи оруулж ирсэн учраас шинэ шатанд аваачсан. Мөн бид онцлог лого эмблемээ оруулах боломж бүрдүүлсэн.


-Тамгыг хуурамчаар үйлдэж, их хэмжээний мөнгө завшсан гээд л ярих юм. Өнөөдөр тамгыг хуурамчаар үйлдэх боломж байсаар л гэж үү?

-Боломжгүй л дээ. Тамга болгонд тусгай тэмдэг бий. Хуурамчаар үйлдсэн байлаа гэхэд эх дардастай нь харьцуулаад л мэдчихнэ.


-Эх дардсыг та санаачилсан гэдэг үнэн үү?

-Анх ЦЕГ-ын хяналтан доор үйлдвэрлэл явуулдаг байх үед санаачилсан юм. Тамганы эх дардсыг хийчихвэл криминалистикийн шинжилгээ хийхэд маш амар болно. Тиймээс ч өөрийн санаачлагаараа криминалистикийн газарт эх дардсаа аваачиж танилцуулсан нь тамга, тэмдгийн аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрээ оруулсан юм болов уу?


-Тэгжээ. Одоо эх дардсыг л үндсэлж их хэмжээний мөнгө луйвардсан хэргийг шалгадаг болсон байх, тийм үү?

-Ер нь их олон асуудлыг манай компани шийдэж өгсөн. Өнөөдөр төрийн мэдлийн тамганы үйлдвэрийг татан буулгасан. Өөрөө хяналт тавьдаг байж бусад хувийн хэвшилтэй адилхан тамга үйлдвэрлээд байх нь утгагүй л дээ. Монголд одоогоор 19 тамга тэмдгийн үйлдвэр байна. Тамга үйлдвэрлэх нь өөрөө хариуцлагын асуудал. Төр итгэл хүлээлгэж байгаа нь цаагуураа хариуцлага хүлээлгэж буй юм.   Хариуцлага байж гэмээнэ хувь хүн, байгууллага, улс хөгжинө, өргөжнө, тэлнэ. Энийг л ойлгох хэрэгтэй.


-Тамганы сэдвээ үргэлжлүүлье. Монголын тамга, тэмдэг үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний тань хувиар асууя. Манай тамга, тэмдгийн хяналтын систем хэрхэн хөгжиж байна. Энэ салбарын хөгжлийн технологи хаашаа явна вэ. Илүү технологитой болохын тулд бид юу хийх вэ?

-Хяналтыг илүү боловсронгуй болгох нь үйлдвэрлэгчдээ эрсдэлээс хамгаалж буй тул системээ байнга шинэчилж байдаг юм.“Тод тамга” 3D технологиор хуванцар болон металл цутгуурын иш бариул үйлдвэрлэж дардас үйлдвэрлэлээ өөрийн тусгай программаар хянаж байна. Ирээдүйд онлайнаар цахим хэлбэрээр тамгаа дардаг технологитой болцгооно.Технологи ерөөсөө л мэдлэгээс үүдэлтэй. Монголчуудын хувьд  нүүдлийн иргэншлийн аугаа мэдлэгтэй ард түмэн. Харин орчин үеийн технологийн салбарын шинэ мэдлэг монгол хэлээр алга. Монгол хэлээр буулгах хэрэгтэй байна аа даа. Тэгэхээр монгол хүн тэр мэдлэгийг эзэмших хэрэгтэй болно.  Дээр нь бид мэдлэгийг өөриймшүүлэх хэрэгтэй байгаа юм. Гадны мэдлэгийг сохроор дуурайх нь халтай. Бид өөриймшүүлж, монголчлох хэрэгтэй. Хуулах биш эзэмших ёстой. Жишээ нь манайхан Вьетнамаас хэдэн ажилчид авчраад бидний чадахгүй байгааг хийлгэдэг. Нөгөөдүүл нь хэнд ч, юу ч зааж өгөлгүй зах зээлийг маань эзэгнээд ажиллаад байна. Тэднийг оруулж ирж, ажиллуулж байгаа хүн ашиг олж байгаа мэт боловч түүнээс илүү их мөнгийг гадныхан аваад гарч байна. Монголд ямар ч ашиггүй. Оруулж ирэхийг нь шууд хоригло гэсэн юм биш шүү. Тэднийг авчраад туслахаар нь монгол залуусаа аваад ажиллуул л даа. Яах вэ, зарим нь дагалдаж сураад орхиод явна л биз. Мэдлэгийг нь нутагшуулаад аваад үлдэж байна шүү дээ. Бид  бэлэн бараа гаднаас зөөдгөөс аль  болох татгалзах хэрэгтэй. Миний нэг ч удаа хийгээгүй зүйл бол энэ. Дандаа өөриймшүүлж, монгол хүндээ цалин өгөхөөр болгож хийдэг. Үнэхээр Монголд үйлдвэрлэдэггүй техник тоног төхөөрөмжийг авчирдаг л даа. Түүнээс Монголд өөрсдөө хийчих боломжтой барааг оруулж ирээд албан ёсны борлуулагч болох нь эх оронч бус үйлдэл шүү дээ. Монголчуудынхаа мөнгийг хулгайлаад гадныханд өгснөөс өөрцгүй биз дээ.  Гадны тавиул гээд байгаа чинь ерөөсөө л энэ. Монголчууд технологийн нарийн шийдэл, ололттой талыг нүүдэлчид сурамгай ашиглан, өөрсдийн ахуйн соёл, цэрэг армидаа нэвтрүүлж, өрнөөс дорнод, дорноос өрнөд тэрхүү дэвшлийг “экспортолсон” тухай Лев Гумилёв тэмдэглэн үлдээжээ. Энэ бол шууд хэлэхэд технологийг эзэмшихэд оршиж байв. Бид технологийн зуунд амьдарч байна. Харин түүнийг эзэмшиж, мэдлэг болгох нь хамгаас чухлыг “Зааг” группийн захирал А.Амартүвшин  онцолж байна.

Ерөөсөө ч өнгөрсөн бүх эриний хөгжлийн жор технологийн нууц нь түүнийг бүтээгч, сэтгэгч, инженерүүдийн нуруун дээр оршсон билээ.

 

2018 оны 4-р сар

Ярилцсан:Н.Оюунцэцэг


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
багш(202.55.188.45) 2019 оны 02 сарын 01

Мундаг юмаа, Амартүвшинг жоохон бацаан байхаас нь л мэднэ, одоо ч нилээд хөгширчээ, гадна төрх нь, гэхдээ хийж бүтээх, сэтгэх, тал дээр үнэнхүү мундаг байнаа, Монголын нэг үнэт зүйл мөнөөсөө мөн байна,ийм хүмүүс тун ховор шүү.

0  |  0
Top