Бээжинд цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчид уулзаж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Энэ оны нэгдүгээр сарын 30-31-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчдийн уулзалт болж байна. Цөмийн зэвсэгтэй таван гүрэн буюу “Цөмийн зэвсэгтэй тав” нь ОХУ, БНХАУ, АНУ, Их Британи болон Франц улс багтсан албан бус нэгдэл юм.

 

Оролцогчид цөмийн зэвсгээс ангижрах, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний механизмыг зохицуулах, хадгалах тухай асуудлыг хэлэлцэх гэнэ.

 

БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньиний хэлснээр,  энэхүү гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх явцад “Цөмийн зэвсэгтэй тав”-ын зохицуулах механизм нь үе шаттай бүрэлдсэн бөгөөд Бээжин хотноо болж буй уулзалт сүүлийн хоёр жилд болж буй анхны албан ёсны уулзалт болж байна.

 

Хаалттай болж буй эл уулзалтаар таван гүрний цөмийн бодлого, стратегийг хэлэлцэж, цөмийн эрчим хүч, цөмийн зэвсгээс ангижрах талаар санал бодлоо солилцохоор төлөвлөжээ.

 

Маргааш /2019.01.31/ болох цөмийн зэвсэгтэй таван гүрний бага хурал албан ёсны төлөөлөгчдөөс гадна шинжээчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид болон цэрэг, армийн төлөөлөгчид оролцох гэнэ. Төлөөлөгчдийн тэргүүн бүр өөрийн орны цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг хэрэгжүүлэх, цөмийн зэвсгээс ангижрах, үл дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл хийнэ.

 

Энэхүү уулзалтын хүрээнд ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд С.Рябков, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Андреа Томпсон нар уулзах эсэх асуудалд ажиглагчид ихээхэн ач холбогдол өгч байна.


 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top