Ч.Бямбажаргал: “Цагаан дарь эх”-ийн насны авшиг айлдана

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 06

"Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баярын хурал ном, айлтгалын талаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн Олон нийттэй харилцах албаны лам Ч.Бямбажаргалаас тодрууллаа.


 

 

-Гандантэгчинлэн хийд сар шинийн баярыг угтсан ямар хурал ном айлдаж байна вэ?

 

-Сар шинийн баярт зориулсан номын хурал энэ сарын 30-наас эхэлсэн. Сар шинийн өмнө жилийн балингаа урлаж, өвлийн адаг сарын шинийн 26-нд адислан бурхан шүтээндээ өргөдөг уламжлалтай. Арван хангал, Жигжид зэрэг бурхан сахиусны өмнө балингаа хийж тавьдаг. Бүтэн сар шахуу бэлтгэж хийдэг. Жилийн балинд идээ будааныхаа дээжийг өргөж, даган баясвал идээ ундаа, эд зүйл арвидах зэрэг тус эрдэм хэмжээлшгүй юм.

 

Хуучны 27, 28, 29-нд болохоор хуучин номын хурал гэж гурав хоног Арван хангал хурдаг ёстой. Өглөө 06 цагаас орой 20, 21 цаг хүртэл хурдаг. Сүүлд нь сор залах ёслол хийдэг ёстой. Сор залах гэдэг нь ирэх жилд монголчуудын маань гай барцдыг дарах, номхотгох үүднээс энэ үйлийг үйлддэг. Сүүлийн хэдэн жил Даншиг наадам болох үед мөн сор залж байгаа. Жилдээ хоёр удаа сор залж байна.

 

-Битүүнд ямар ном хурав?

 

-Битүүнд үдээс өмнөдөө өдрийнхөө хурлыг хурчихаад хэсэг завсарладаг. Энэ хугацаанд лам нар маань гэр орондоо очих, сар шинийхээ үйлийг гэртээ хийх зэргээр амарна. Битүүний шөнө 22:00 цагаас битүүний хурал эхэлдэг. Цэдэр лам хурж, шинийн 1-ний өглөө гадаалдаг. Битүүний шөнө эхэлсэн номын хурал шинийн 1-ний өглөө гадаална гэсэн үг юм. Түүний дараа Монголын их нандин шүтээн Очирдарь бурхны өмнө мандал өргөнө. Очирдарь бурхан нь анхдугаар Богд Занабазар өөрийн мутраараа урласан бурхан юм. Далай багш “Очирдарь бурхныг нандигнан шүтэж явах ёстой. Монгол хүн бүр гороолж мөргөж байх хэрэгтэй” гэж айлдсан байдаг. Очирдарь бурхныхаа өмнө мандал өргөнө.

 

Харин шинийн 1-ний 14:00 цагаас хойш Чойн пүрэл жоны хурал эхэлдэг. Бурхан багшийн номын хувилгаан үзүүлсэн 15 хоногийн хурал юм.  Чойн пүрэл жоны хурал шинийн 15 хүртэл үргэлжилнэ. Мөн шинийн 3-наас эхэлж айлтгалуудаар хурал хурна. Иргэд, сүсэгтэн олны засал номоо хийлгэх номыг хурж эхэлнэ гэсэн үг юм. Тавгийн идээтэй, сэржимтэй, даллагатай номнуудаа Зуугийн дуганд хурна. Бусад номуудыг Чогжин, Очирдарийн дугана, Төв гандан, Дашчойнпэл дуганд хурдаг. Монголчууд шинийн 14-нийг онцгойлон үзэж, давхар ерөөлтэй хурал хурдаг. Энэ өдөр Өндөр гэгээн Занабазарын их дүйчин өдөр юм. Өндөр гэгээн Занабазарын мутраар бүтээсэн ул боовны хэвээр Гандангийн ахлах зам /тогооч/ ул боов дарж, лам нартаа барьдаг уламжлалтай.

 

-Сүсэгтэн олон битүүний хуралд ирж суух боломжтой биз дээ?

 

-Бүрэн боломжтой. Хэн ч ирээд ном хурж байхад даган баясах боломжтой юм. Шинийн нэгнээс хурах магтаалууд ч сууж байж болно. Мэддэг хүмүүс нь ирээд заншсан байдаг.

 

-Шинийн 14-нд насны авшигтай гэсэн үү?

 

-Гандантэгчинлэн хийдийн их хамба Д.Чойжамц гуайн айлдвар байгаа. Яармаг дахь "Буянт-Ухаа" спорт цогцолборт болдог. Түүний дараа Гандантэгчинлэн хийдийн хансүр Ё.Амгалан лам “Цагаан дарь эх”-ийн насны авшиг айлддаг. Насны  авшиг гэдэг нь хүний насыг уртасгах, насанд нь барцад орсон бол арилгах ерөөлтэй байдаг. “Цагаан дарь эх”-ийн насны авшиг хүртсэн тохиолдолт таван насаар нас уртасна гэж үздэг. Тийм учраас сүсэгтэн олон оролцох нь их сайн юм.

 

-Иргэд төлбөр төлж оролцох уу?

 

-Ямар нэгэн төлбөргүй. Сүсэгтэн олон нээлттэй оролцох боломжтой. Ер нь Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулдаг хурал ном, айлдвар үнэ төлбөргүй байдаг. Яагаад гэхээр Гандантэгчинлэн хийд ашгийн бус байгууллага. Харин иргэдийн хувьд даллага авахуулах бол тавгийн идээ, даллагын ууттай очиж болно.

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ёа(103.229.122.37) 2019 оны 02 сарын 08

хол очиж хуц

0  |  0
бурхан ивээг(94.30.168.62) 2019 оны 02 сарын 08

ХАНДИВ, ЕГЛЕГЕЕР ЛАМ НАРАА ХООЛЛОЖ,ХУВЦАСЛАДАГ БОЛОХООР УНЭ ТОГТООХООС ЕЕР АРГАГУЙ.ХРИСТИЙН ЦЕРКОВЬ ШИГ ГАДААДААС САНХУУЖДЭГ БОЛ ЕЕР ХЭРЭГ,УЛСААС ЯДАЖ ЛАМ НАРЫГ ЦАЛИНЖУУЛЧИХДАГ, ТАТВАР ТЕЛЕЕС АВДАГГУЙ БОЛ УНЭГУЙ Л БОЛНО Ш ДЭЭ

0  |  1
Төв аймгийн хамба(202.179.27.32) 2019 оны 02 сарын 02

ХУРАЛ НОМ ТӨЛБӨРГҮЙ ГЭЖ ИНГЭЖ УЛААН ЦАГААН ХУДАЛ ЯРЬДАГ ЛАМД ИТГЭЖ БОЛОХ УУ?

0  |  0
ondor nastan(182.160.39.224) 2019 оны 02 сарын 01

Buteegchee bvv mart.

0  |  0
Top