Европ Иран руу шинэ худалдааны суваг нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

ранц, Герман, Их Британи гурав АНУ-ын Ираны эсрэг тавьсан хоригоос зайлсхийх үүднээс тус улстай долларын бус худалдааны шинэ суваг нээлээ.

Вашингтоны Европ дахь гол холбоотон болох эдгээр орнууд өнгөрсөн жил АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан 2015 оны Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гэрээнээс гарах шийдвэрийг эсэргүүцсэн билээ. Энэхүү шийдвэрийн дагуу Ираны эсрэг тавьсан олон улсын хориг арга хэмжээгээ чангатгасан юм.

 

Энэ бол Европын компаниудыг хамгаалах улс төрийн алхам хэмээн Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан Герман, Их Британийн гадаад хэргийн сайд нартай Бухарест хотноо хийсэн уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэв.

 

АНУ-ын зүгээс ЕХ-ны тусгай зорилтот хэрэгсэл хэмээн нэрлэгдэж буй энэ арга хэмжээ эдийн засгийн дарамт шахалтад нөлөөлнө хэмээн үзэхгүй байна гэж АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Хэдийгээр тус алхам томоохон өөрчлөлт авчрахгүй ч, энэ бол Европ 2015 оны гэрээг хадгалж үлдэхийг эрмэлзэж буйг харуулах чухал улс төрийн мессэж юм гэж нэгэн эх сурвалж ярьжээ.

 

 

Худалдааны солилцоог дэмжих хэрэгсэл /INSTEX/-ийг Францад бүртгэж, Германы Худалдааны захирал асан Пер Фишер удирдах аж. Санаачлагчид бусад улс орнууд нэгдэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ.  Ираны гадаад хэргийн дэд сайд Аббас Аракчи энэ механизм анхны бөгөөд нааштай алхам юм гэж онцолжээ. Европын гурван гүрэн INSTEX-ийн төсвийг бүрдүүлэх, дүрмийг нь батлах юм байна. Иран өөрийн зүгээс хариу компани байгуулах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top