УИХ: Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна.


Г.Занданшатарыг өчигдөр /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн, 100 хувийн саналаар дэмжээд байсан ба Төрийн байгуулалтын байнгын хорооноос мөн 100 хувийн саналаар дэмжсэн тул одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Г.Занданшатараас сонирхсон асуултдаа хариулт авч байна.

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын шинэ дарга парламентын эв нэгдлийг хангах нь чухал болохыг сануулаад, “Эв нэгдлийг хангах чиглэлээр юу хийхээр төлөвлөсөн бэ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Төрийн түшээд бид нийгмийн эрэлт хэрэгцээ, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч байх ёстой. Тиймээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга ёсыг хүсэмжилсэн эрэлхийлэлд тулгуурласан эв нэгдэл парламентад байх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт ард түмний эрх ашгийг тавьж, хоёрдугаарт улс төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс парламентын хамгийн гол ажил Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой” гэсэн хариулт өглөө.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
K(66.181.185.248) 2019 оны 02 сарын 01

Kkkk yagaad iim saledsen humuusiig gargaad baidag bna... huuliin chanar bol bur. Baihgui bolnoooo...

0  |  0
Top