АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээ үр дүнд хүрэх үү!

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны хэлэлцээ энэ оны гуравдугаар сарын 1 гэхэд хангалттай үр дүнд хүрэхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй гаалийн татвараа нэмнэ гэж Цагаанд ордноос Вашингтонд болсон хоёр талын хэлэлцээний үр дүнгээр гаргасан мэдэгдэлд дурджээ.

 

Буэнос-Айрест тус хоёр улсын төрийн тэргүүн нарын худалдааны дайны галыг зогсоох тохиролцоонд хатуу хугацаа заасан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэв.

 

Дэвшил гарсан хэдий ч их зүйлийг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд АНУ Хятад улстай амин чухал асуудлаар дараагийн хэлэлцээ хийхийг тэсч ядан хүлээж байна гэж Цагаан ордон онцолжээ.

 

Энэ оны нэгдүгээр сарын 30-31-ний өдрүүдэд Вашингтонд болсон худалдааны хэлэлцээгээр талууд Америкийн компаниудын Хятадын компаниудад технологи шилжүүлэх арга зам, Хятад улсад оюуны өмчийн эрхийг хамгаалах, хэрэгжилтийг хангах шаардлага, Хятад улсад үйл ажиллагаа эрхэлдэг АНУ-ын компаниудад тулгардаг тарифын болон тарифын бус саад зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн, талууд зах зээлийн саад, Америкийн аж үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлаж буй гаалийн татвар, АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаанд валютын гүйцэтгэж буй үүрэг зэргийг хөнджээ.

 

Вашингтонд болсон худалдааны ээлжит хэлэлцээрт БНХАУ-ын талаас шадар сайд Лю Хэ, Хятадын төв банкны тэргүүн, сангийн дэд сайд Ляо Минь, гадаад хэргийн дэд сайд Жэн Зегуан, АНУ-ын талаас сангийн сайд Стивен Мнучин, худалдааны сайд Уилбур Росс, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар оролцжээ.

 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр Аргентин улсад болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гурван сарын хугацаанд тус хоёр улсын хооронд худалдааны гэрээ байгуулах алхмуудыг хэрэгжүүлэх, энэ хугацаанд худалдааны дайны галыг зогсоох тохиролцоонд хүрсэн билээ. Тогтоосон хугацаа энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр дуусах бөгөөд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд АНУ Хятадын нийт 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах юм.

 

Тус хоёр улсын худалдааны эргэлт 500 тэрбум ам.долларт хүрдэг бөгөөд АНУ ихээхэн хэмжээний алдагдал хүлээдэг гэж Трамп хурц шүүмжилдэг. Өнгөрсөн оны есдүгээр сарын 24-ний өдөр Хятадын 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн гаалийн татвар ногдуулж эхэлсэн. Хятадын зүгээс АНУ-ын 60 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд  5-10 хувийн гаалийн татвар ногдуулж, хариу барьсан. Худалдааны дайны галыг зогсоох тохиролцсоны дараа Трамп дараа дараагийн протекционист чиглэлийн арга хэмжээг хойшлуулаад байгаа юм.

 

Хятад улс АНУ-тай худалдааны хэлэлцээг эрчимжүүлж, харилцан ашигтай тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байна гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын төрийн тэргүүнд хаягласан захидалдаа дурджээ. Түүний захидлыг БНХАУ-ын шадар сайд Лю Хэ Дональд Трамптай уулзах үеэр дамжуулжээ.

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top