УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 69.1 хувийн саналаар чөлөөллөө.
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтээ 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор ирүүлснийг Ерөнхий сайд хүлээн авч, улмаар холбогдох байнгын хороод хэлэлцэн чуулганаар оруулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хариуцлага хүлээж байгаа сайд маань ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлсөн үү? Дараагийн сайдыг зам тээврээр мэргэшсэн хүнийг сонгож болох уу? Гишүүдээс сонговол салбарын хүн олдох уу?” гэсэн асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дараагийн сайдад би хэрэг төвөгт холбогдсон хүн тавихгүй. ЖДҮ-тэй холбоотой асуудал монгол төрийн сургамж болсон. Цаашид төрд зүтгэх гэж байгаа хүмүүс ямар нэгэн юманд холбогдож болдоггүй гэдгийг манай УИХ-ын гишүүд яс махаараа мэдэрсэн байх. Энд байгаа 76 хүн бүгдээрээ муу хүн биш. Би нөхөр Я.Содбаатарыг салбарыг сайн удирдсан, ажилдаа эзэн болсон хүн гэж бодож байна. Харамсалтай нь улстөрч хүн алдаа гаргасан. Өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч үлгэр дууриал боллоо. ЖДҮ-ээс зээл авсан нөхдүүд зээлээ өгч байгаа. Энэ зээл ард түмэнд очно. Ч.Улаан сайд ажил хэрэг болгохоор бэлтгэж байгаа. Би дараагийн сайдыг судалж байгаа. УИХ-аас зам тээврийн салбарыг аваад явчих, эх орноо гэсэн сэтгэлтэй хүнийг сонгоно” хэмээн хариуллаа.
Харин ЗТХ-ийн сайд Я.Содбаатар “Зам, тээврийн салбар том салбар. Хүлээгдэж байсан чухал ажлуудад би анхаарч ажилласан. Салбарын мэргэшсэн хүмүүсээр төрийн албыг бэхжүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. Салбарын хуулиудыг шинэчлэлгүй 10 гаруй жил болж байгаа. Энэ ажлыг хаврын чуулганаар оруулах болно. Намайг ажиллаж байх хугацаанд Улаанбаатар төмөр замыг шинэчлэх хөтөлбөр батлагдсан. Ингэснээр 25.6 сая тонн ачаа тээвэрлэж байгаа төмөр зам 10 жилийн дараа 50 гаруй сая тонн ачаа тээвэрлэдэг болно. Мөн БНСУ-тай агаарын харилцааг шинэчилж долоо хоногт 20 нислэг хийхээр болж байгаа. Өнөөдөр гэхэд МИАТ компани сүүлийн үеийн шинэ онгоцоо хүлээж авлаа. Ингэснээр иргэдэд очих тийзний үнэ буурах бодит ажил хэрэгжиж байна.
Миний бие ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор ёс зүйн хариуцлага хүлээж хүсэлтээ гаргасан. Би Монгол Улсын хууль зөрчөөгүй. Ямар нэгэн байдлаар уул усаа худалдаагүй. Авилга хээл хахуулийн хэрэгт холбогдоогүй. Ер нь Монголын улс төр цаашид илүү нээлттэй, ёс зүйтэй байгаасай гэж хүсч байна. Тэр утгаараа өргөдлөө өгсөн” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Hulgaich