Сонгуулийг холимог системээр явуулах тал дээр УИХ-ын гишүүд санал нэгдэж байх шиг байна. Мөнгө тараадаггүй, амладаггүй, хатуу чанд хяналттай сонгууль явуулахаар хуульчлах гэж байгаа ажээ. Мөнгөний сонгуулийг үзэл санаа, улс төрийн бодлогын уралдаанаар солих болсон нь сайн хэрэг. Дандаа луйвардаж байх юм гэж юу байхав. Сонгуулийн мөнгө түгээлтийг дан ганц сонгуулийн компанит ажил эхэлсэн үеэс тооцохгүй бололтой. Одоо ч гэсэн намууд хот хөдөөгүүр хүмүүст мөнгө тараах аянаа эхэлчихсэн байна. Үүнийг таслан зогсоохуйц хууль баталж чадвал бүр ч сайн үйлс болно. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ийм шийдэл дээр хатуу зогсоно гэнэ. Сонгуулийн өмнөх жилд багтаагаад баахан санал урьдчилан худалдаж авахыг хэн ч үгүйсгэхгүй байгаа. Урьд нь ийм явдал болж л байсан. Сонгуулийн жилийн цагаан сараар манай эрхмүүд бэлгийн хур буулгадаг байлаа. Монголчууд хэзээнээсээ цайлган сэтгэлтэй, юм өгсөн хүнд ихээхэн итгэл өгдөг. Үүн дээр нь намууд, УИХ-ын гишүүнд горилогсод хөөрхөн тоглож мөнгө тараадаг, бараа таваар, гурил будаа өгдөг байсан юм. Тэгвэл энэ бүхэн шинэ хуулиар байхгүй болох ажээ. Гэхдээ бас нэг айхтар юм үлдээд байна. Энэ нь намуудын санхүүжилт. Олон жил нууцлагдаж ирсэн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох, хяналтын механизмыг сайжруулахгүй бол болохгүй нь ээ. Гадаад, дотоодын бохир мөнгөөр МАН, АН хоёр голцуу санхүүжиж байсан тухай мэдээлэл бий. Тэр бүү хэл намд өгсөн хандивын мөнгөөр лидерүүд нь хувийн байшингаа бариулсан талаар ч хууль хяналтынхан ярьж л байлаа. Сонгуулийн луйврыг бүрмөсөн таслан зогсооё гэвэл намын санхүүжилтийг хүн бүхний нүдний өмнө нээлттэй болгох хэрэгтэй болжээ.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )