Авлигатай тэмцэх газрын Б.Батзориг тендерийн луйварчинг нэрлэхээс айж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 30

Толгойгүй болсон Авлигатай тэмцэх газрын зарим ажилтнууд сүүлийн үед хэвлэлүүдээр ярицлага өгч эхэллээ. “Өдрийн сонин”-д тус газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга Б.Батзориг их л зориг гарган ойр зуурын ажил төрлөөсөө өгүүлсэн байна. Түүний судалгаагаар олон сонирхолтой асуудлууд босож ирдэг ажээ. Сонгуулийн үеэр аль нэг намаас нэр дэвшигч нь тойрогтоо найман мянган менежер томилон гэрээ байгуулдаг гэнэ. Тэгээд тэд нараараа дамжуулаад мөнгө тараадаг юм байна. Үүнийг нь барьж аваад шалгаж шийдвэрлэх гэхээр тухайн нэр дэвшигч биш менежер нь намтай гэрээ хийчихсэн байдаг тул яаж ч болдоггүй гэж байх юм. Тун хачирхалтай. Уг нь хэн, аль байгууллагатай, ямар гэрээ хийсэн нь гол биш, мөнгө тараасан нь хуулийн эсрэг үйлдэл мөн баймаар юм. Ингэж худлаа гуйвуулан хүмүүсийг төөрөгдүүлэх мэдээлэл өгөх нь хэнд ашигтай юм бол оо. Бас болоогүй ээ, тендерийн луйвраар олсон мөнгөө намынхаа байрыг  барихад зориулсан ч гэх шиг. Байр шинээр барьж байгаа хоёрхон нам бий. МАН, АН хоёр хаяа зэрэгцээд 12 давхар барилга барьж байна. Тэгээд аль нь ийм луйвар хийснийг тэр хэлсэнгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Манай нам шинэ байр барих мөнгөнийхөө 50 орчим хувийг банкнаас зээл авсан” гэж байлаа. Намд өгдөг зээл бас байдаг юм шиг байна. Харин энэ нь хэр зэрэг үндэслэлтэйг хэн ч шалгаж нягтлаагүй байгаа. Тэгвэл Б.Батзориг тендерээс олсон мөнгөө намынхаа байр барихад өгсөн хүний нэрийг хэлэхээс айж байх шиг байна. Яагаад айгаад байгаа юм бол доо. Тэр луйварчин нь өршөөлийн хуульд хамрагдаад хэрэг нь хаагдсан гэлээ. Хэрэг хаагдсан ч гэсэн нэрийг нь хэлэхэд хаалт байх учиргүйсэн дээ.

Сэтгүүлч Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top