Монголын Урлагийн ажилтны холбоо, Дархан хотын ИТХ, ЗДТГ-ын газраас зохион байгуулж байгаа Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын гурав дахь удаагийн уралдааны баруун бүсийн уралдаан Улаангом хотод болж таван аймгийн театр, чуулгын 60 гаруй бүжигчид авьяас чадвараа сорьж өрсөлдлөө. Уг уралдаанд Ц.Сэвжидийн дэглэсэн бүжиг, мөн орчин үеийн нэг шинэ бүжгийг цөөхүүл болон хоёрол, гурвал гэсэн төрлөөр өрсөлдөх болзолтой ажээ. Энэ уралдаанд оролцсон аймгийн цөөхүүл хамтлагийн дөрөв нь Ц.Сэвжидийн "Адуучин" бүжгийг бүжсэнээс Увс аймгийн Хөгжимт драмын "Ойрад" театрын 12 хүнтэй хамтлаг шалгарсан. Харин хоёрол бүжгээр Говь-Алтай аймгийн "Алтай" чуулга, гурвал бүжгээр Завхан аймгийн ХДТ-ын бүжигчид тус тус нэгдсэн шалгаруулалтад оролцохоор болжээ. Бүжиг дэглэгчээр Завхан аймгийн ХДТ-ын бүжиг дэглэгч Н.Санжсүрэн шалгарсан байна.
Уг уралдааныг Монголын Урлагийн ажилтны холбооны хүндэт Ерөнхийлөгч, Ардын жүжигчин Б.Зангад, УГЗ С.Сүхбаатар, Хөгжим бүжгийн коллежийн тэнхимийн эрхлэгч Н.Оюун, Улсын филармонийн дарга Ч.Даваахүү нар шүүж, улсын хэмжээнд бүжигчдийн ур чадвар, мэргэжлийн төвшин, санаачилга чармайлт ихээхэн дээшилж хот хөдөөгийн театр чуулгын бүжигчид адилхан хэмжээнд байгааг онцолж байлаа.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )