Унгарт олон хүүхэдтэй ээжүүд насан туршдаа татварын хөнгөлөлт эдэлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 11

Унгар улсын дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд насан туршдаа орлогын албан татвараас чөлөөлөгдөнө гэж тус улсын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдлээ.


Энэ арга хэмжээ нь цагаачлалаас үл хамаарах Унгарын ирээдүйн төлөөх, төрөлтийг дэмжих зорилгоор Унгарын засгийн газраас хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусчээ.


Үүний сацуу, залуу гэр бүлд 10 сая форинт буюу 36 мянган ам.долларын хүүгүй зээл олгох бөгөөд гурван хүүхэдтэй болсон тохиолдолд зээлээс нь чөлөөлөх гэнэ. Засгийн газраас танилцуулсан төлөвлөгөөнд мөн ирэх гурван жилд 21 мянган хүүхдийн ясли барих, 2.5 тэрбум ам.долларыг эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд зарцуулах, орон сууц болон долоон хүний суудал бүхий автомашин худалдан авахад мөнгөн тусламж олгох зэрэг арга хэмжээнүүдийг тусгажээ.


Унгар улсын хүн ам жилд 32 мянгаар цөөрч, нэг эхэд ногдох хүүхдийн тоогоор Европын холбооны дундаж үзүүлэлтээс бага буюу 1.45 байна. ЕХ-ны дундаж үзүүлэлт 1.58 байдаг бол Франц улсад энэ үзүүлэлт хамгийн өндөр буюу 1.96, Испанд хамгийн бага буюу 1.33 байна. Дэлхийд  төрөлтийн түвшингөөр Нигер улс тэргүүлдэг байна. Тус улсад нэг эхэд 7.24 хүүхэд ногддог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top