АНУ-ын батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан Афганистанд гэнэтийн айлчлал хийж байна гэж Associated Press дамжуулав.
Шанахан Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани болон тус улс дахь АНУ-ын цэргийн командлалын төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна. АНУ-ын тал алан хядагчдын “Талибан” бүлэглэлийн төлөөлөгчидтэй энхийн яриа хэлэлцээ хийж байгаа энэ үед тус айлчлал болж байгаа юм.
Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Афганистаны иргэд ирээдүйгээ, тэр дундаа талибуудтай харьцах харилцаагаа өөрсдөө тодорхойлох ёстой гэж онцолжээ. Түүнчлэн Цагаан ордон Афганистанд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргийн тоог цөөлөх талаар ямар нэгэн чиглэл түүнд өгөөгүй хэмээн тэрбээр мэдэгджээ.
Үүнээс өмнө The New York Times сонин талибуудтай энхийн хэлэлцээ хийж буй хэдий ч АНУ тэдний эсрэг хийж буй дайралтаа эрчимжүүлсэн тухай бичиж байв.
Сэтгэгдэл ( 0 )