УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
-УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ зарлан хуралдуулах бол?
-УИХ завсарлаад 10 гаруй хонож байна. УИХ байнгын ажиллагаатай парламент учраас тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Ойрын үед олон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Татварын багц хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал болон УИХ-ын дэгийн тухай хуульд хийсэн дүгнэлт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохиохоор бэлтгэж байна. Эхний хэлэлцүүлэг маргааш /2019.02.15/ эхэлнэ. Ирэх долоо хоногт болон түүний дараагийн долоо хоногт хэлэлцүүлгүүд болох төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч байсан гуравдугаар сарын 5 хүртэл хэлэлцүүлэг зохион байгуулж, ээлжит бус чуулган хуралдах бэлтгэлийг хангаж ажиллана. Тэгэхээр гуравдугаар сарын 10-наас хойш ээлжит бус чуулган хуралдах болов уу гэж бодож байна. Хэлэлцэх шаардлагатай хуулиуд олон бий. Татварын багц хууль, Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гээд яаралтай батлах хуулиуд байна. Дээр нь Сонгуулийн тухай хууль байна. Тийм учраас ээлжит бус чуулганыг гуравдугаар сар гаргаад хуралдуулж, үргэлжлүүлээд хаврын чуулганыг хуралдуулах ерөнхий төсөөлөл байна.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-ЖДҮ-ийн зээлд холбогдсон асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалтаар тэр хүн зээл авахдаа албан тушаалын оролцоо байсан нь тогтоогдвол хариуцлага хүлээх ёстой.
-УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татаж байгаа гэсэн мэдээлэл бий?
-Мэдэхгүй. Өнөөдөр лав УИХ-ын даргад албан ёсоор хүсэлт гаргасан зүйл алга байна.
-МАН-ын бүлгийн эв нэгдэл сэргэж чадсан уу?
-Бүлгийн эв нэгдлийн хувьд бас ч гэж гайгүй болж байгаа. Одоо бидэнд дотроо маргалдаад сууж байх цаг хугацаа алга байна. 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ гэдэг том асуудал бий. Тэр ч утгаараа ээлжит бус чуулганыг хуралдуулахаар ярьж байгаа.
Сэтгэгдэл ( 0 )
ХҮҮРСҮХИЙН ХОШНОГО ДОЛООЧОО ХОЛ ОЧИЖ ХУЦ