Мөнгөн үеийн найрагчид
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Монголын мөнгөн үеийн яруу найраг” номын оршилд “Их Нацагдоржийн ханыг нь шийрлэж, голыг нь асаасан уран зохиолын далай цагаан өргөөний гадаа дөрөөн чимээ гарч, амгай зуузай шаргин хүмүүс ирвээ” хэмээсэн нь цагаан морин жилтэй айлсаж олон залуу найрагчид монгол найргийн их уяан дээр дөрөө мултлан буусныг хэлсэн хэрэг билээ. 1990-ээд оноос хойш олон авьяастнууд ар араасаа уралданхан уран үгсийн наадамд улаан тоостойгоо орж ирснийг уншигчид сайн мэддэг болжээ. Тэдгээр залуус сүүлийн 20-иод жилд ам бүл улам өнөржиж, “Мөнгөн үеийнхэн” гэгдэх бүхэл бүтэн арми болтлоо өссөн нь бахархалтай. Б.Галсансүх, Жа.Баяраа, Г.Аюурзана, Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир, Д.Баттогтох, Г.Бадамсамбуу, Ж.Батцэцэг, Н.Амаржаргал ... Тооловч дуусамгүй олон нэрс дурайж байна. Тэднээс Д.Нацагдоржийн шагналтан, “Алтан өд”, “Болор цом”, МЗЭ-ийн, Г.Сэр-Одын гээд олон шагналтнууд төрөн гарчээ. Хойшид ч гарах нь эргэлзээгүй.
Монгол найргийн шинэлэг агаад хүчирхэг давалгаа он оноор өртөөлөн долгилж, шинэ содон бүтээлээр түмэн олноо баясгах болно.
Яруу найргийн буландаа бид “Мөнгөн үеийнхэн”-ий бүтээлээс сорчлон нийтлэхээр боллоо. Энэ удаа цөөвтөр найрагчийн шүлгийг толилуулъя.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Их сэтгэгчийн бүтээлийг унших бүр улам гунигтай болох юм. Гэхдээ илүү дутуу сонирхлыг дарахын тулд унших хэрэгтэй л дээ
Нэргүйн Амаржаргал
Хамгийн сүүлд бид хэзээ уулзах бол
Хайрын үг нэгэндээ хэлэх болов уу
Хуучирч, уйдсан харцаар тоомжиргүйтэж
Хөндий холын хэлээр мэнд хэлээд зөрөх болов уу
Буцах сүүлчийн өдөр ямар байх бол
Бяцхан хөөрхөн Гангартаа дүүг нь хөтлүүлж амжих болов уу
Яаж би дотогшоо уйлж, санан бэтгэрч явснаа
Яллаж өөрийгөө ганцаардуулалгүй
Хүүдээ хэлж чадах болов уу
Хамгийн сүүлчийн үдэлтийг орчлон надаас харамлаж
Ханьгүй, нөгөө л ганцаараа нулимс залгиад буцах болов уу
Хайрлаж амьдарсан сэтгэлээ нээж
Дэрэн дор ивэх үгээ хэлнэ үү
Хамгийн сүүлчийн мөч минь
Хагацашгүй болоод жаргалтай байг ээ
* * * *
Адгаж таны л төлөө өөрийгөө золихыг хүснэм
Ачаа минь үүрдийнх байх болтугай
Амраг бүсгүй чинь болж хагацахгүй гэж
Амлаад орхиж одохыг хүснэм
Аргамжаа, хайр сэтгэл үүрдийнх байх болтугай
Алдар хүндийн цаасан малгай, цуу үгс
Анд минь болдог нь үүрдийнх байх болтугай
Амлаж тангараглаад ханилъя гэж гуйж гардаг
Агсам, хөөрүү залуус үүрдийнх байх болтугай
Уйдсан юм шиг худал санагдуулж
Дотно бүхнээс минь булаах
Урсах нулимсны гашуунд багтахгүй
Орчлонгийн үнэн үүрдийнх байх болтугай
Ариун бүхнээ эцэслэж, үл хайрлан үндэслэнэм
Амьдрахын их шунал минь үүрдийнх байх болтугай
* * * *
Намрын төгөлд ганцаархнаа алхнам
Насаараа намрын төгөлд ганцаар алхвал
Намрын төгөлд, намар ирэхээ больж
Надаас намрын мэдрэмж төөрөх байх даа
* * * *
Эрх чөлөө мэт нулимсанд дурладаг нь
Хэн байлаа
Энэнээс илүү чамд би
Яаж дурлаж чадах юм бэ
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )