Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 19

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төсвийн байнгын хорооноос эрхлэн Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг өчигдөр /2019.02.18/ Төрийн ордонд зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, О.Батнасан, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Ч.Улаан, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Татварын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь АНУ-ын Худалдааны Танхим, Татварын төлөгчдийн эрх ашгийн хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг болон эрдэмтэн судлаачид зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцов.

 

Хуулийн төслийг өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт оруулахаас өмнө иргэд, олон нийт, судлаачдыг оролцуулан хэлэлцүүлэх хуулийн зохицуулалтын дагуу хэлэлцүүлгийг хийсэн байна. Мөн энэ удаагийн хэлэлцүүлэг нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах бэлтгэл ажлын нэг болж байгааг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр онцолж байлаа.

 

2018 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 24-ний хооронд улсын хэмжээнд 39 удаа хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Эдгээр хэлэлцүүлэгт 4790 хүн оролцож, 5423 санал гаргаснаас нийгмийн сүлжээгээр 1466 санал ирүүлжээ.  

 

Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хэлсэн үгэндээ, “Өнөөдөр төсөв, татварын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийн үзэл баримтлалын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна. УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомжууд нь нийгмийн харилцаанд оролцогч аливаа этгээдийн эрх ашигт нийцсэн, нийгэмд үүссэн хүлээлтийг хангасан, төрийн байгууллагуудын хариуцлагыг дээшлүүлж, хүнд суртлыг арилгасан, иргэдэд ээлтэй, нэг мөр ойлгогддог зарчмыг хангасан байх шаардлагатай. Иймээс Татварын багц хуулийн зүйл, заалт бүрийг шүүн тунгааж, хэлэлцэн ярилцаж батлах шаардлага зүй ёсоор гарч байна. Хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн хүлээсэн үндсэн үүрэг тул татварын эрх зүйн орчныг сайжруулж, татвараас зайлсхийх явдлыг бүрэн хааж, татварын бааз суурь,  төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг чухалчлах ёстой. Үүний зэрэгцээ татвар төлөгчид, бизнес эрхлэгчид, хувь хүний эрх ашгийг дээдлэн аливаа үйл ажиллагааг татварын бодлогоор дэмжин урамшуулдаг байх хэрэгтэй юм.

 

Ингэснээр бизнесийн орчин сайжирч, далд эдийн засаг ил болж, дотоод, гадаад хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцөл бүрдэх ач холбогдолтой” хэмээн онцлов.

 

Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд 29 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 45 дүрэм журмыг батлах юм байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top