АТГ-ын дараагийн дарга нарын асуудлыг хөндлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээр дүгнэлт гаргах ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Ажлын хэсгийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаанд хангалтгүй ажилласан гэсэн дүн тавьжээ. Ийм үнэлгээг авахад нөлөөлсөн гол үзүүлэлт нь үйлдвэржүүлэх бодлого, дэд бүтэц, хот байгуулалтын ажлууд урагшлаагүйтэй холбоотой аж. Мөн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжжээ. Харин гурав дахь асуудал нь Г.Батхүү гишүүний ахласан ажлын хэсгийн Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлогын баримт бичгийн асуудал байжээ. Уг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал гарсан тул дахин долоо хоног үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, одоо үйлчилж байгаа тогтолцоогоор хилийн боомт дээр дөрвөөс таван толгой ажилладаг тул хилийн боомтыг удирдах удирдлагыг нэг тогтолцоонд оруулах ёстой. Тиймээс эдгээр олон толгойг хэн удирдаж, зангидаж байх вэ гэдгийг тодорхой болгох, мөн хил дээр иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ, татвар хураамжуудыг цэгцлэх тухай ч хөнджээ. АН-ын бүлгийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд ороогүй боловч энэ үеэр хөндсөн чухал асуудал нь АТГ-ын дарга нарын тухай асуудал байсан юм. Бүлгийн нэр бүхий гишүүдийн зүгээс "АТГ-ыг удирдах дараагийн дарга нарыг томилох ёстой" гэж үзсэн юм байна. Ингэхдээ "АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг гэм буруутай гэдгийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс тогтоож, яллах дүгнэлт үйлдсэн учраас дараагийн удирдлагыг томилох тухай асуудлыг УИХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой. УИХ-ын хаврын чуулганы хугацаанд уг газрын удирдлагыг шинээр томилохгүй бол чуулган завсарлаад хугацаа алдана хэмээн үзжээ. Тиймээс бүлэг энэ долоо хоногт зарлагдах УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд дээрх асуудлыг оруулахаар болжээ.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top