Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй Монгол Улсын иргэнд энэ онд Хүний хөгжил сангаас сар бүр 21 мянган төгрөгийн хишиг хувийг бэлэн мөнгө хэлбэрээр хүртээх үйлчилгээг үзүүлж байгаа. Түүнчлэн энэ жилээс эхлэн бэлэн мөнгөний үйлчилгээнээс гадна бэлэн бусаар оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлт, иргэдийн хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдүүлэх санал санаачлагыг дэмжин хишиг хувийг бөөнөөр олгох зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ажээ. Одоогийн байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 1.776.655 иргэн дээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдээллийн баазаас 16 хүртэлх насны 739.941 хүүхдийн нэрсийг нэмж, нийт 2.516.596 иргэнд Хүний хөгжил сангаас сар бүрийн 21 мянган төгрөгийн хишиг хувийг хүртээсэн байна. Сар бүрийн хишиг хувь хүртэж буй иргэдийг нийт суурин хүн амтай харьцуулахад 92.2 хувьтай байгаа аж. Мөн ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зорилгоор хишиг хувийг нэг удаа бөөн дүнгээр авах итгэлцлийн гэрээ байгуулж, хүсэлт гаргасан 21 аймаг, дүүргийн 57 төслийн 4685 иргэний 944 сая төгрөгийн хишиг хувийг бэлэн бусаар санхүүжүүлжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )