Хууль зүйн байнгын хороо 23 асуудал хэлэлцэж, 8 хууль батлуулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 7 хуулийн төсөл, 3  тогтоолын төсөл, 17 санал, дүгнэлт, 1 танилцуулга, зарчмын зөрүүтэй 10 саналын томьёолол бэлтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна.

 

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо нийт 13 удаа, Хүний эрхийн дэд хороо 1 удаа, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг 10 удаа тус тус хуралджээ. Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дүгнэлт, албан тушаалтныг томилох 1, бүрэн эрхийг түдгэлзүүлэх 5 асуудал, харьяа байгууллагын 1 илтгэл, 1 мэдээлэл хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гарган ажиллажээ.

 

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

 

Байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07, 12, 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Нотариатын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12, 13, 15 дугаар дүгнэлтийн тухай УИХ-ын тогтоолуудыг тус тус хэлэлцэн батлуулсан байна.

 

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10, 14 дүгээр дүгнэлт, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал, УИХ-ын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын санал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо тус тус хэлэлцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top