Д.Цогтбаатар “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн уулзалтад оролцож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 21

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн өвлийн 18 дахь хуралдаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр /2019.02.21/ тус Ассамблейн дэргэдэх “Торгоны замыг дэмжих бүлэг”-ийн 4 дэх уулзалтад оролцож байна.

 

Уулзалтад бүлгийн гишүүн 23 улсын парламентчид оролцож, бүлгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцсон байна. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Торгоны замын хүрээний хамтын ажиллагааг хэлэлцэхдээ БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, тус улсын холбогдох төлөөллийг зөвлөлдөх зорилгоор урьж оролцуулж байвал оновчтой байж болохыг тэмдэглэжээ. Мөн Торгоны замын дагуух улс орнуудын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхийн тулд тэдгээрийн хил, гааль, мэргэжлийн хяналт, шалгалтын дүрэм журам, стандарт, шаардлагуудыг уялдуулж, хялбаршуулан хөнгөвчлөх саналыг тус тус дэвшүүлсэн байна. Ийм хялбаршуулалтыг Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх гэрээний дагуу дэлхийн түвшинд бүгд хэрэгжүүлэх учиртайг харгалзан олон улсын хуулийн эрх зүйн энэхүү суурийг ашиглан ийм уялдуулсан захиргааны дүрэм журмын жигд хөнгөвчлөлтийг хийвэл дэлхийн худалдаанд үлгэр дууриал болохуйц маш тодорхой дэвшилтэт алхам болох юм гэдгийг онцолжээ.

 

Мөн уулзалтаар тус бүлэгт гишүүнээр элсэх хүсэлт гаргасан Бүгд Найрамдах Итали Улсын хүсэлтийг хянан хэлэлцэж, санал нэгтэйгээр элсүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

“Торгоны замыг дэмжих бүлэг” нь 2017 онд Минск хотод болсон Парламентын Ассамблейн ээлжит чуулганы үеэр санаа нэгт орнуудын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан ба өдгөө 24 гишүүнтэй болж өргөжөөд байна. Монгол Улс нь тус бүлгийг үүсгэн байгуулагч 17 гишүүний нэг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top