Монголд түлшний хомсдол нүүрлэж, эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Хот хөдөө, хаа сайгүй бухимдацгааж байна. Иргэн бүрийн тогоотой хоол руу энэ хомсдол яваад орж буй тул арга ч үгүй биз. Хот хоорондын тээвэр хязгаарлагдлаа. Хотын доторхи автобусуудаас 190 гаруй нь сул зогсож байна. Газар тариалангийн ажил ид эхлэж буй тулд Засгийн газрын нөөц хөрөнгөөс бензин шатахуун нийлүүлэхээс өөр замгүй болов. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын удаа дараа мэдэгдээд байсан Оросын шатахуун сураг алга. Ойрноос ирнэ л гэнэ. Хятадаас харин бага хэмжээтэй шатахуун авахаар боллоо. Засгийн газар үндсэндээ энэ өдрүүдэд улс даяар онцгой байдал зарлах хэмжээнд хүрчээ. Гэхдээ үүнийгээ иргэдээсээ нууцаар “зарласан” юм гэнэ. Үүнийг нь далимдуулсан шагчид бензин, дизель түлшин дээр ажиллан үнийг улам хөөргөдөж байна. Онцгой байдлыг 10 хоногийн хугацаатай зарласан ч үүнийгээ 5 хоногийн дараа нийтэд мэдэгдсэн нь бас л ойлгомжгүй үлдэж байгаа ажээ. Онцгой байдлын энэ хэдэн хоногт амжаад шатахуунаар айлтгүй болох эсэхийг шийдвэртэйгээр хэлж чадах хүн алга. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Хятадад бадар бариад явж байгаа гэнэ. Доод түшмэд нь дур мэдэж дуугарах эрхгүй шахуу сууж байна даа.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )