Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар "АБЕА Монгол" олон улсын байгууллагаас өчигдөр мэдээлэл хийлээ. Дэлхий нийтээр тамхитай тэмцэх энэ өдрийн хүрээнд энэ жил "АОКА Монгол" олон улсын байгууллагатай хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн албаны хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн боловсролын газар тус тус ажиллаж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд эл өдрийн хүрээнд нэгдсэн журмаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол энэ жил дүүргүүдэд чиглэсэн ажил зохиохоор болжээ. Дүүрэг тус бүр энэ өдөр тамхины иш түүж, устгах ажлыг иргэдтэй хамтран зохион байгуулж, идэвхтэй оролцсон байгууллага, хувь хүнийг урамшуулан шагнах гэнэ. Мөн хүүхдүүдэд зориулан тамхины эсрэг ухуулга, сурталчилгаа явуулахаас гадна тамхины эсрэг гар зургийн уралдаан, "АХА" тэмцээнийг зохион байгуулж, ялагчдыг тодруулан урамшуулах юм байна. Түүнчлэн тамхины хор хөнөөлийн талаар "АБКА Монгол" олон улсын байгууллагаас гаргасан найман төрлийн рекламыг кино театрууд, олон нийтийн байгууллагууд үнэ төлбөргүй иргэдэд хүргэхээр хамтран ажиллаж байгаа аж. Энэ жил тус ажлыг зөвхөн энэ сарын 31-нээр хязгаарлахгүй бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-нд олон нийтийн газар тамхи худалдаалахгүй, тамхигүй орчинд бяцхан үрсээ баярлуулахыг уриаллаа. Дээрх хоёр өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт 180 байцаагч хяналт тавин ажиллах гэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )