“Монгол, Америкийн Залуучуудын жил”-ийн нээлт өнөөдөр /2019.02.27/ Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдлаа. Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески, Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн Монгол дахь хөтөлбөрийн дарга К.Кастанья тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо. Энэ жилийг хоёрын орны хамтын ажиллагааны хүрээнд залуучуудын жил болгон зарласан байна. “Монгол, Америкийн Залуучуудын жил”-ийн хүрээнд хоёр орны залуусыг хамруулсан соёл, урлаг, спортын арга хэмжээнүүд болон эссэ бичлэгийн уралдаан, фэйсбүүк форум, эрдэм шинжилгээний байгууллагуудын инновацийн үйл ажиллагаатай холбоотой санал, санаачилгыг дэмжин хамтран ажиллах, АНУ-ын Нобелийн шагналтан, шилдэг залуу бизнесмен, хөрөнгө оруулагч, старт-ап компани үүсгэн байгуулагчдыг Монголд урьж туршлага хуваалцах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Залуучуудын жилийн нээлттэй хамтатган “LEAD Alliance 2019” буюу “Ардчиллыг бэхжүүлэгч залуу манлайлагчид”-ын олон улсын III чуулга уулзалтын нээлт болов. Энэхүү чуулга уулзалтад оролцохоор Бутан, Киргиз, Мьянмарын залуусын төлөөлөл ирсэн бөгөөд тэд манай залуустай хамтран Улаанбаатарт чуулна. Оролцогчид өөрсдийн орны залуу манлайлагчдын нийгэм дэх оролцоо, туршлагаасаа хуваалцаж, байгаль орчин, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ил тод байдал, авилгатай тэмцэх зэрэг асуудлаар санал солилцох юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар залууст хандан хэлсэн үгэндээ “Дэлхий дахинд энхтайван байдлыг тогтоох, сайн сайхан ирээдүйг цогцлоохын төлөө дуу хоолойгоо нэгтгэх ёстой. 2019 оныг “Монгол, Америкийн Залуучуудын жил” болгох асуудлыг 2017 онд тохиосон Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд ярилцсан. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны есдүгээр сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эцэслэн тохиролцсон” гэдгийг онцоллоо. Залуучуудын жилийн нээлтэд ГХЯ, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, LEAD Mongolia хөтөлбөр, Монгол дахь Энхтайвны корпус, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, АНУ-д төгсөгчдийн холбооноос болон холбогдох бусад байгууллагын 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Д.ГАНСҮХ: ХОЁР УЛСЫН ЗАЛУУЧУУДЫГ МЭДЛЭГЭЭ ХУВААЛЦАХ БОЛОМЖООР ХАНГАНА
Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх “Хоёр орны залуучууд ямар ажил хамтарч хийж болох, юуг зохион байгуулж болох уу гэдгийг ярилцсан. Залуучуудын жилийн төлөвлөгөө гэж гарсан. Залуучууд урлаг соёл, спорт, бизнес, сошиал медиа, технологи зэрэг чиглэлээр сонирхсон залуучуудыг хооронд нь уулзуулах, харилцан туршлага, мэдлэгээ хуваалцах боломжийг олгоё гэж байгаа юм. Монголын Засгийн газар, АНУ-ын зүгээс энэ тал дээр дэмжлэг үзүүлж ажиллана. Монгол залуучуудаа англи хэл сурахад нь туслая. Залуучуудаа хооронд нь уулзуулаад, АНУ-ын Энхтайваны корпусаас Монголд ирж байгаа сайн дурынхны тоог нэмээд сургуулиудад хичээл заалгах, англи хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх зорилт тавьж байна.
Залуучуудын жилийн гол зорилго бол нэг ажил зохион байгуулаад дуусах биш, байнга хоёр улсын залуучуудыг уулзуулах, харилцан мэдээлэл солилцоход оршиж байна. Салбар салбарын залуучууд хоорондоо уулзалдаж, зөвлөлдөхөд нь дэмжиж ажиллах зорилт тавьсан. Монгол, АНУ болон бусад орны залуучуудыг оролцуулсан фэйсбүүк форумыг оны эхний хагас жилд зохион байгуулахаар төлөвлөсөн” гэлээ.
Хоёр орны залуучуудын жилийг өргөн оролцоотойгоор тэмдэглэх нь хоёр орны харилцааны цар хүрээг өргөжүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )