Архины хууль бус сурталчилгаагаар Ц.Нямдорж сайдын нутгийн “Морьтой Чингис” тэргүүлж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 31

 Монголын хууль гурав хоног хүчинтэй гэсэн үг бий. Архи, согтууруулах ундааг сурталчлахыг хуулиар хатуу хориглосон ч “архичдын” сурталчилгааны арга хэлбэр улам нарийссаар байна. Эсвэл тэдний лобби маш хүчтэй байна.

Хуучнаар “Увс хүнс” буюу одоогийн UFC групп сүүлийн үед сонин, сайт, телевиз болгоноор “Морьтой Чингис” бүтээгдэхүүнийхээ далд хэлбэрийн сурталчилгааг явуулсаар байна. Сүүлийн үед улам эрээ цээргүй ил тод сурталчилж эхэллээ. Гэтэл Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Оюуны өмчийн газар, хууль хяналтын байгууллагаас ямар нэгэн арга хэмжээ авагдсангүй.

Тус компани саяхан “Монде Селекшн” хэмээх олон улсын чанарын шалгаруулалтанд оролцож, энэхүү наадмын  хамгийн дээд шагнал болох Гранд Голд /Шижир алт/ шагналыг “Морьтой Чингис” бүтээгдэхүүнээрээ хоёр дахь удаагаа хүртсэн тухайгаа сурталчилсаар байна.

“Монде Селекшн” шалгаруулалтыг 1961 онд ноён Жозеф Версет, ноён Жүлес Рене Колла нар үүсгэн байгуулсан бөгөөд ямар ч үйдвэрлэгч, худалдагч нараас хараат бус байдлаар мэргэжлийн экспертүүдээр үнэлэгдсэн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэд таниулах, олон улсын түвшинд гаргах зорилготой гэж UFC группын захиалгат мэдээн дээр бичигдсэн байх юм.

Тус шалгаруулалтаас Морьтой Чингис брэндэд дээд шагналаа олгохдоо чанар, сав баглаа боодол, экологийн цэвэр бүтээгдэхүүн зэрэг үзүүлэлтүүдийг харгалзсан гэжээ. Энд чанар, сав баглаа боодол гэдэг хоёр үгийг их л тодотгож мэдээлжээ.

Үндэсний үйлдвэрлэгчид маань олон улсын чанартай уралдаан, шалгаруулалтанд оролцож, амжилт гаргаж байгаа нь сайн хэрэг. Гэвч хуулиа дагаж, архины ил, далд сурталчилгаа хийхээ зогсоох цаг болоогүй юу.

“Морьтой Чингис” брэнд анх “Маргааш ажилтай ш дээ” рекламаараа наадмын үеэр гэнэт л гарч ирснийг хүмүүс санаж байгаа. Тэгвэл тус компанийн далд сурталчилгаа сүүлийн үед эрчээ авч байгаа нь наадмаар бас нэгэн томоохон “операци” хийх гээд байна уу гэх хардлагыг төрүүлж байна.

Магадгүй Олон улсын нэр хүндтэй шалгаруулалтаас авсан медалиа шошго, сав баглаа боодолдоо оруулж, шинэ өнгө төрхийг илтгэх бэлтгэлээ ийнхүү хангаж байгаа бололтой. Учир нь саяхан Морьтой Чингисийн хамгийн том өрсөлдөгч Хар Чингис сав баглаа боодлоо эрс шинэчилж, чанарын дэвшил гаргасан гэх Пи Ар-ыг хүчтэй хийснээр зах зээлд дахин тэргүүлэх байр суурь эзлээд байгаа. Тиймээс “Морьтой Чингис”-ийг чанарын шагнал хүртсэн, хамгийн чанартай нь гэх мэдээллийг цацахын зэрэгцээ энэ наадмаар сав баглаа боодлоо “Хар Чингис”-ийг давахуйцаар өөрчлөх цогц маркетинг хэрэгжүүлж эхэлсэн нь илт ажиглагдаж байна.

Энэ мэт архины цогц маркетинг, албан ёсны сурталчилгааг хорьж чадахгүй л юм бол хууль гаргаж сүржигнэх хэрэг байна уу, Нямдорж сайд аа. Эсвэл Увс нутгаас гаралтай хүнсний үйлдвэр рекламдаж болно, бусад нь болохгүй гэж хуулинд чинь заачихсан байгаа юмуу.

Удахгүй шинэ сайхан савлагаатай, алт мөнгө гэрэлтсэн “Морьтой Чингис”-ээ ууна уу гээд рекламдвал та бас л дуугүй суусаар байх уу.

Уг нь архи үйлдвэрлэгчид ингэж хууль бус реклам хийж өрсөлдсөнөөс жинхэнэ утгаараа чанарын хувьсгал хийж хэрэглэгчдээ байлдан дагуулах нь зөв байлтай. Энэ наадмаар Морьтой Чингис ямар сюрприз барихыг харж л байя даа.

 

Б.Сараа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top