Улс төрийн амьдралд өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагчийг сонгох асуудал гол сэдэв байв. Долоо хоногийн эхний өдрөөс эхлээд НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдаанууд үргэлжилж, ийнхүү үргэлжлэхдээ удаа дараа завсарлага авч сунжирсны эцэст эцсийн шийдвэрүүдээ гаргасан. Мөн өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын тусгай сангуудын асуудал хийгээд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргаан халуун сэдэв байлаа. Ингээд энэ долоо хоногт улс төрийн салбарт өрнөсөн ОНЦЛОХ үйл явдлыг тоймлон хүргэе.
ТОМИЛОЛТ: УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР БАЯНХОНГОР, ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ
УИХ-ын дарга Г.Занданшатар 2019.02.25,26-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажиллав. Томилолтын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар багтан ажилласан бөгөөд zindaa.mn газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар /2019.02.25/ Баянхонгор аймгийн удирдах ажилтнуудтай уулзаж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин гэсэн дөрвөн чиглэлээр санал бодлоо солилцсон юм. Тус аймгийн боловсролын салбарын чанар, үнэлгээ тун хангалтгүй байгааг, мөн "Элэг бүтэн Баянхонгор" хөтөлбөр хангалттай хэрэгжихгүй байгааг тэрбээр шүүмжлээд, аливаа ажлыг хийхэд сэтгэл дутвал үр дүн гарахгүй байна хэмээв. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “УИХ-ын гишүүнээс багийн дарга хүртэл бүгд хариуцаж байгаа ажилдаа сэтгэл, зүтгэл гаргаж ажиллаж байж үр дүн гарна. Найз нөхөд, намын нөхөр гээд толгой илээд байвал улс орноо ч алдахад хүрнэ. Урсгалаараа яваад байвал бидний хүүхдүүдийн ирээдүй ч бүрхэг болно. Тиймээс ажилдаа сэтгэл зүтгэлгүй хандаж байгаа хэн ч төрийн удирдах алба хаших эрхгүй. Тийм хүнийг ажлаас нь чөлөөлөх үүргийг би удирдлагуудад нь өгнө. Тулгамдаж байгаа бүх асуудлаа шийдвэрлэхэд хэн хүний идэвх зүтгэл хэрэгтэй. Харин энэ идэвх зүтгэлийг бид дэмжинэ” гэв.
УИХ-ын даргын томилолтын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Баянхонгор аймгийн нисэх буудал Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхлэх гэж буйтай холбогдуулан тээврийн салбарынхантай уулзалт хийсэн юм. Баруун 5 аймгийн запас буудал байдлаар ашиглаж ирсэн 2.8 км урт, 35 метр өргөн, хөөрч буух зурвастай Баянхонгор аймгийн нисэх буудал нь 1956 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 25 хүнтэй, цаг агаарын ямар ч нөхцөл, өдөр шөнийн алинд ч нислэг үйлдэх боломжтой гэдгийг тус нисэх буудлын дарга Н.Баярхүү хэлж байв. Гэвч өнгөрсөн оны 1-4 сард л “Аэромонголиа” компани нислэг үйлдэж байгаад зогсоосон байна. Үүнээс хойш бага оврын онгоц тогтмол бус ирж, явсан аж. Өнгөрсөн оны хэмжээнд 15 удаагийн нислэгээр 18 зорчигч үйлчлүүлсэн нь тун хангалтгүй тоо гэдгийг Б.Энх-Амгалан сайд хэлж байв. Иймд татаастай нислэг үйлдэхээс аргагүй гэнэ. Үүнтэй холбогдуулж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан ажлын урсгалыг эрчимжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, зорчигч үйлчилгээг сайжруулахад шаардлагатай бүх арга хэмжээг авахыг нисэх буудлынханд үүрэг болголоо.
УИХ-ын дарга Г.Занданшатарын орон нутагт хийж буй томилолт /2019.02.26/ Өвөрхангай аймагт үргэлжиллээ. Түүнийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид хүндэтгэн угтсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хууль дээдэлж, хариуцлага сахилга, шударга ёсыг дээдлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг парламентаас эхэлж шинэчлэл хийх, парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд оролцоог хангах цахим шилжилт хийх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах үндсэн зорилтуудыг танилцууллаа.
Уулзалтад оролцсон өвөрхангайчууд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг мөрдөх хугацааг наашлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, монгол ёс заншил, урлаг соёлын өвийг уламжлуулах бодлого хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг хуваарилах, чанаргүй дээд сургуулиудын тоог цөөлөх, аймгийн төвийн утааг багасгах зэрэг саналыг хэлж байлаа.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААР С.АМАРСАЙХАНЫГ, НИТХ-ЫН ДАРГААР Р.ДАГВЫГ СОНГОЛОО
Өнгөрөгч долоо хоногийн гол сэдэв хотын даргыг сонгох явдал байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 2019.02.26-ны мягмар гарагт боллоо. Хуралдаан ихэд сунжирсан бөгөөд хуралдааныг тухайн өдрийн 11.00 цагт товлосон ч санал асуулгын тооллогын комиссыг байгуулахад бүтэн өдрийг зарцуулсан юм.
Ийнхүү хотын даргыг сонгох нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэлийг, нарийн бичгийн даргаар Д.Баярсайханыг, гишүүдэд Г.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан, Ц.Одонтунгалаг нарыг сонгосны эцэст санал хураалт явуулахад С.Амарсайхан төлөөлөгчдийн 56.8 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч боллоо. Нийслэлийн МАН-аас хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлсэн бол төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг дэвшүүлээд байсан юм.
Улмаар Ерөнхий сайд /2019.02.27/ батламжилснаар, С.Амарсайхан албан ёсоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч боллоо. Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг багасгах, хот төлөвлөлтийг зөв явуулах зэрэг тулгамдсан асуудал олон байна. Хотын ард, иргэдийн хүндрэл бэрхшээлийг бодитой мэддэг хүний хувьд энэ асуудлуудыг цаг алдалгүй шийдэхийн төлөө ажиллана. Хариуцлагаас ажлаа эхэлнэ. Төрийн албан хаагчид хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Нийслэлийн албан хаагчид шат шатандаа хариуцлагатай ажиллана” гэлээ.
НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын дарга болсон тул НИТХ-ын 22 дугаар хуралдаан 2019.02.28-нд болж, 09:00 цагаас 21.20 цаг хүртэл үргэлжилж, НИТХ-ын даргаас С.Амарсайханыг чөлөөлөн, НИТХ-ын шинэ даргаар төлөөлөгчдийн 66.67 хувийн саналаар Р.Дагвыг сонгосон юм. НИТХ-ын шинэ даргаар сонгогдсон Р.Дагва санал хураалтын дараа “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Харин НИТХ-ын даргыг сонгох тус хуралдааны санал хураалтыг илээр явуулсан нь дэг зөрчсөн хэмээн НИТХ дахь АН-ын бүлэг /2019.03.01/ шүүхэд өгөхөө мэдэгдээд байгаа юм.
"ЭРДЭНЭТ"-ИЙН ХУВЬЧЛАЛЫН МАТЕРИАЛЫГ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАЛАА
Өнгөрөгч долоо хоногт уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудал халуун сэдэв байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан /2019.02.26/ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурын компанид 112 тэрбумаар худалдах гэж байгааг зарлав. Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ, “Монголын зэс корпораци”-иас "Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн 49 хувийг Сингапурт бүртгэлтэй компанид шилжүүлэх хүсэлт тавьж, 88 хуудас материал бүрдүүлж өгсөн ба уг материалд 112 тэрбум нэг сая төгрөгөөр "Эрдэнэт"-ийн 49 хувийг үнэлэн, худалдахаар заасан байсан" гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хурлаар /2019.02.27/ Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахтай холбоотой анхны хуралдааны нууц тэмдэглэлийг хэлэлцүүлж ил болголоо. Тухайн протокол нь Төрийн нууцын хуулиар нууц дардас дарсан байсныг нууцаас гаргасан юм. Төрийн нууц материалыг хэн ч ярьж, ил гаргаж болдоггүй бөгөөд зөрчсөн тохиолдолд найман жилийн ялтай. Тиймээс хууль, хяналтынхан ярьж хэлэлцэж болох материал ил болж буй нь энэ аж. Уг протокол нь 2016 оны 6-р сарын 9-ний өдөр буюу сонгуулийн өмнөх хурал бөгөөд тухайн үеийн Ч.Сайханбилэгийн Засгийн газар хойд хөршөөс "Эрдэнэт" үйлдвэрийнхээ 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж, тухайн үед дөнгөж байгуулагдсан үйл ажиллагаагүй "Монголын зэс корпораци"-д худалдах тухай нууц горимоор хуралдсан хуралдаан байсан. Өмнөх Засгийн газар 2016 оны 6-р сарын 16-ны өдрийн буюу хоёр дахь нууц хуралдааны протоколыг ил болгосон байсан юм. Засгийн газрын энэ удаа ил болгосон нууц протоколоор Худалдаа Хөгжлийн банк /ХХБ/ "Монголын зэс корпораци" хоёр удирдлага санхүүгийн хувьд нэг гэдэг нь нотлогдож байгаа гэж үзэж буй. Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой 49 хувийг 400 сая 272 мянган доллараар худалдаж авсан нь Төрийн мөнгөөр ХХБ авсан гэж харж болох хэргийн шинэ нөхцөл байдал үүсч байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Нууцаас гаргах гэж байгаа материалд тухайн үеийн аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын боломжгүй учраас давуу эрхээсээ татгалзаж, "Монголын зэс корпораци"-д худалдах талаар танилцуулга хийсэн тухай мэдээллээс эхлээд олон чухал баримт байгаа” гэж байлаа. Тэрбээр мөн “Төрийн мөнгөөр төрийн өмчийг худалдаж авсан байж болзошгүй гэж Засгийн газраас хардаж байгаа. Түүнчлэн өмнө нь болсон шүүх хуралдааныг авлигын асуудалтай холбогдсон гэж үзэх үндэстэй” гэсэн юм
Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн асуудал дахин гарч ирсэнтэй холбогдуулан /2019.02.27/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдав. ҮАБЗ-өөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар төр засгийн зүгээс нэгдсэн ойлголттой байх үүднээс асуудлыг системтэй авч хэлэлцэн, тус үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг авч хэлэлцсэн юм.
Хэрэг явдалтай холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс корпораци”-аас мөн мэдээлэл хийж, нэр төрөө сэргээлгэхээр 2019.03.01-нд шүүхэд нэхэмжлэх гаргалаа. Шүүхийн нэхэмжлэлд “ЗГХЭГ-ын даргын мэдэгдэл нь Монголын зэс корпорацитай холбоотой олон асуудлыг хамарсан байх боловч ихэнхдээ урьд нь олон нийтэд цацагдсан хуучин мэдээлэл байсан. Бид өмнө нь залруулга мэдээллүүдийг тухай бүрд нь олон нийтэд хүргэж ирсэн ба шаардлагатай хууль хяналтын байгууллагуудад хандан үнэн бодит байдлыг тогтоолгох арга хэмжээг авсаар байна. Тухайлбал “харилцан хамааралтай этгээдүүд мөн эсэх”-ийг захиргааны хэргийн гурван шатны шүүх хянан үзээд харилцан хамааралгүй болохыг тогтоосон” хэмээсэн тайлбарууд бичсэн байлаа.
Монгол зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлэхдээ “ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг худал мэдээлэл тарааж, гүтгэсэн хэргээр нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэх гаргаж байна. Манай компанийн талаар гаргасан ташаа мэдээллээ залруулах үндсэн шаардлага тавьж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал сүүлийн гурван жилийн хугацаанд яригдаж байна. АТГ, Эрүүгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын удирдлагуудыг 10 гаруй удаа байцаасан. Манай компанитай холбоотой хүмүүсийг давхардсан тоогоор 70 гаруй удаа байцаагаад байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд бидний зүгээс саад учруулаагүй. Харамсалтай нь Л.Оюун-Эрдэнэ сайд биднийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа мэтээр ташаа мэдээлэл тараалаа. Энэ нь олон нийтэд манай компанийн нэр хүндийг унагасан байдал гэж үзэж байна. Хувь хүнийхээ зүгээс хэлэхэд Монгол Улсад монгол хүн бизнес хийж болохгүй болжээ. УИХ-ын гишүүд хэвлэлээр ажил хийдэг болж. Яагаад өндөр албан тушаалд томилогдчихоод нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлыг хөндөж байгаа нь ойлгомжгүй байна. Өнгөрсөн есдүгээр сард шүүхийн шийдвэр гараад эцэслэсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Цагдаагийн байгууллагад гомдол өгөхөөр хүлээж авахгүй байна. Бид хүчин мөхөстөж байна. 49 хувийг худалдаж авсан гэх 400 сая ам.долларт төрөөс авсан нэг ч ам.доллар байхгүй. Гэвч удаа дараа худал мэдээлэл тарааж ард түмний тархийг угааж байна. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг уучлал хүсэх байх гэж найдаж байна" хэмээсэн юм.
ЗАСГИЙН ГАЗАР: ТУСГАЙ САНГУУДЫГ ЦЭГЦЭЛЖ, 7 САНГ ТАТАН БУУЛГАНА
Засгийн газраас /2019.02.27/ тусгай сангуудын дотроос хамгийн их асуудал дагуулсан Тариаланг дэмжих сан болон Мал хамгаалах санг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд нэгтгэх, хуримтлагдсан эх үүсвэр, өр, авлагыг шилжүүлэх, Ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр холбогдох хууль, шийдвэрийн төсөл боловсруулж, дөрөвдүгээр сарын 1-ний дотор танилцуулахыг сайд Ч.Улаанд даалгав.
Мөн үйл ажиллагаа явуулдаггүй, зардлыг нь төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хөтөлбөр, арга хэмжээ хэлбэрээр санхүүжүүлэх боломжтой Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалыг дэмжих сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Агаарын бохирдлын эсрэг санг татан буулгахаар болов.
Түүнчлэн:
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох хэмжээ, хөтөлбөрийг Засгийн газраас тогтоодог байх
-Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, хугацаа хэтэрсэн өр, авлага үүсгэхгүй байх
-Улсын авто замын сангийн хөрөнгийн зарцуулалт, хяналтыг сайжруулах, сангийн орлогын эх үүсвэрийг Төсвийн тухай хуульд нийцүүлэхийг сайд нарт даалгав.
Санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл олгодог сан, тусгай сан, төсөл, хөтөлбөрүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулж, нэгдсэн удирдлагад оруулж, дүнг танилцуулахыг сайд Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарт үүрэг болгов.
Төсвийн хөрөнгөөс зээл, тусламж авсан, батлан даалт гаргуулсан, санхүүгийн дэмжлэг авсан этгээдийн мэдээлэл, шалгарсан төслийн нэр, сонгон шалгаруулсан шийдвэр, зээлийн төлөв, үлдэгдэл зэргийг шилэн данс, цахим хуудсаар тогтмол мэдээлэхийг сайд нарт даалгалаа.
Хугацаа хэтэрсэн авлагыг барагдуулах, гэрээний үүргээ биелүүлээгүй бол хуулийн байгууллагаар шалгуулах, төсвийг хохиролгүй болгох, хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага хүлээлгэж байхаар болов. Хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй бол зээл олгохгүй байх, зээл, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд иргэд, олон нийтийн оролцоотой хяналт тавьж байх зэргийг үүрэг болголоо.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын 29 тусгай сан байна. Дээрх сангуудад өнгөрсөн онд 3 их наяд гаруй төгрөгийн төсөв баталж байсан бол энэ онд 400 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа тусгай сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, сангуудын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөө дээшилнэ гэж Засгийн газраас тооцоолжээ.
Zindaa.mn сайт “Тусгай сангуудын мөрөөр” тойм нийтлэлээрээ дамжуулан Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн тайланг дэлгэрэнгүй мэдээллэж байгаа билээ.
УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх /2019.02.28/ Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн шав тавих ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ.
Манай улсад энэн шиг олон бүтээн байгуулалт эхэлнэ. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Саарал усны үйлдвэрийн ажил эхэлж байна. Тавантолгойн төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтын олон ажил энэ хавар эхэлнэ. Сэтгэл, зүтгэл байхад ямар ч ажил бүтнэ гэж Ерөнхий сайд онцоллоо. Мөн тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх зорилт тусгагдсан. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, байгаль экологийн тэнцлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэхүү төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж төслийн барилгын ажлыг өнөөдөр эхэлж байна.
Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд хоёр улсын найрсаг хамтын ажиллагааны үр дүнд 1950-иад оны дунд үеэс томоохон бүтээн байгуулалт болох бидний нэрлэж заншсан 40, 50 мянгат, 120 мянгатын орон сууцны хороолол, Энхтайвны гүүр, Налайхын зам зэрэг барилга, байгууламжууд ашиглалтад орж, манай иргэд үр өгөөжийг нь хүртэж ирсэн гэдгийг Ерөнхий сайд тодотгоод шинэ төв цэвэрлэх байгууламжийн энэхүү төсөл хоёр орны түүхийн хуудсыг нэгээр нэмсэн, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад түлцэц болсон их бүтээн байгуулалт болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн “Ерөнхий сайд надад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг онцгойлон анхаарч, энэ ажлыг “толгойгоороо хариуцан” ажиллахыг даалгасан” гэж Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан хэлээд цаасан дээрх төсөл бодит ажил болж байгааг тэмдэглэлээ.
Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг корпораци”, “Бээжин констракшн инженеринг групп”-ийн түншлэл шалгарч Барилга, хот байгуулалтын яамтай гэрээ байгуулжээ. Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.
Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.
Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм.
ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАРТ ЗАРЛИГ ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.02.28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж,
Мөн 2019.02.28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 29 дугаартай зарлиг гаргаж:
Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
Тав. Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
"ЭХ ОРОНЧДЫН БАЯР"-ЫГ ТОХИОЛДУУЛАН Д.СҮХБААТАРЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой, “Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданштар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба тэргүүтэй төр засгийн болон нийслэлийн удирдлагууд /2019.03.01/ Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдрөөс 98 жилийн өмнө бидний өвөг дээдэс, эх оронч эрэлхэг баатрууд маань гал цогтой тэмцлээр түүхийн хуудсыг цоо шинээр эргүүлж, эргэх цаг, элэг зүрхнийхээ дуудлагаар МАН-ыг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ өдрийг УИХ-ын 2011 оны нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэн “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан баталгаажуулсан байдаг.
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж өнөөдрийн түүхийн эхлэлийг тавьсан МАН улс орныхоо цаг үеийн түүх бүрт сэргээн босгосон, уриалан дуудсан, хөгжил дэвшил рүү чиглүүлэн хөтөлсөн манлайлагч улс төрийн хүчин болсоор ирснийг Монголын ард түмний үе үеийн түүх гэрчилдэг болохыг цэцэг өргөх ёслолд оролцсон хүмүүс хэлж байлаа.
Сэтгэгдэл ( 4 )
Одоо хаана хэн ч ямар албан тушаал дээр очих юу ч хийсэн бай МАНгаруудын хөтөлбөр хэрэгжих хугацаа дууссан. Зүгээр л энх орон эх хотыг минь сүйрүүлэхгүй дүр эсгэхгүй байж байгаад л 20 ондоо зайлаааааааааааа .............
Yag huvi huniihee huvid her hun yum bol doo.yg ni Dagva ni hitiin darga bolson bol yadaj l turiin ajild turshlagatai hun
ЭНЭ НЭГ ХОШУУГАА УНЖУУЛСАН ЮМ ХЭНД ЭРХЭЛЖ ТУНИАД УУРЛААД БАЙДГЫН БЭ , ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХУЛГАЙ ХИЙЧЭЭД
наад эрдэнэтиинг луйвардсан бордсон гахай шиг хоер юм чинь юу хуцаад байна та хоер шоронд орох нь цаг хугцааны асуудал болсон байх шүү ард түмнииг их доромжилж байна даа новшнууд