УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 11-15-ны өдрүүдэд Швейцарийн холбооны улсын Үндэсний зөвлөлийн даргын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2019.03.11/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас мордлоо.
Тэрбээр албан ёсны айлчлалынхаа хүрээнд Швейцарийн Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттитай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын парламент-Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, парламентын дэгийн зохицуулалттай танилцана. Мөн энэ үеэр тохиож буй Монгол Улс, Швейцарийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. УИХ-ын дарга Г.Занданшатар албан ёсны айлчлалын хугацаанд хэд хэдэн удаагийн уулзалт хийж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Төрийн зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Олон улсын санхүү хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел нар УИХ-ын даргад бараалхана.
Сэтгэгдэл ( 0 )